Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эверестийн оргилд уулчдын түгжрэл үүссэнээс гурван хүн амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Лхагва гарагт Эверестийн оргилд гарсан түгжрэл

Дэлхийн хамгийн өндөр оргилд гарахын тулд хэдэн зуун уулчин олон цагаар урт дараалалд хүлээн зогсохоос өөр аргагүй болоод байгааг Балбын хэвлэлүүд мэдээлжээ.

Саяхан Эверестийн оргилд гарахаар явсан болон хүрээд буцаж явсан гурван уулчин амиа алдсан нь энэхүү түгжрэлтэй холбоотой гэгдэж байна.

Өнгөрсөн Лхагва гарагт уулчид энэхүү оргилын 8,000 метр өндөрт орших “Үхлийн бүс” гэгддэг нарийн хэсэгт урт дараалал үүсгэсэн ажээ.

Амиа алдсан гурван хүний нэг нь Америкийн уулчин, 54 настай Дональд Линн Кэш байсан бол нөгөө хоёр нь Энэтхэгийн эмэгтэй уулчин Анжай Кулкарни, эрэгтэй уулчин Калпана Дас нар байжээ.

Кэш өөрийн мөрөөдлийг биелүүлж, дэлхийн долоон тивийн хамгийн өндөр оргилуудад гарч дуусгасныхаа дараа гэрэл зураг авч байгаад зүрх нь зогсож амиа алдсан байна. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхэдтэй, АНУ-ын Юта мужийн иргэн байжээ. Охиных нь мэдээлснээр ууланд олон цаг хүлээж зогсох үеэр ачааллаа дийлэлгүй зүрх нь зогссон байх магадлалтай гэнэ. Кэшийн үхлийн дүгнэлт гараагүй байна.

Энэтхэг уулчдын нэг 54 настай Кулкарни нөхөртэйгээ цуг Эверестийн оргилд гарахаар ууланд олон цаг хүлээсний дараа мөн биеийн байдал нь муудаж, амьсгал хураасныг тэдний газарч мэдээлжээ. Нөгөө нэг Энэтхэг уулчин Калпана Дас оргилоос бууж явахдаа бас “Үхлийн бүс”-д олон цаг дараалалд зогссоны улмаас бие нь дийлэлгүй амиа алдсан гэнэ.

Энэ улиралд цаг агаарын нөхцөл харьцангүй таатай байгаа тул Эверестэд авирах орон орны уулчдад зэрэг олон зөвшөөрөл олгосон нь түгжрэл үүсэх нөхцөл болжээ.

 

Эх сурвалж: The Guardian