Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: ЗГ-аас мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг өсгөхгүй байх шийдвэр гаргалаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас өнөөдөр /2019.05.22/ гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд үндсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногийн эхээр зах зээл дээрх махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Ийм байдал гаргахад хүргэсэн хүчин зүйлүүдийг нарийвчлан авч үзэж, дүгнэлт хийж ажиллаж байна. Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийхээр шийдвэрүүд гаргалаа.

Энэ жилийн хувьд махны хангамж, шинэ махтай золгох хүртэл махны хангамжийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газраас нөөцийн махыг зах зээлд 4 дүгээр сарын 15-наас нийлүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 орчим хувийг нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд. 127 худалдааны цэг, дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн хагас, бүтэн сайнд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна. 

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлсөн

Зах зээлд орж ирэх махны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж байсан хэд, хэдэн хүчин зүйлийг судалж тогтоосон. Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ "Хүчит шонхор" зах дээрээс бэлддэг. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Энэ байдлыг таслан зогсооно.

Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах талаар БНХАУ-тай хийсэн Засгийн газар хоорондын протоколд эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ бэлтгэж байх үүрэгтэй. Энэ журам хангалтгүй хэрэгжиж байснаас болоод зах зээл дээрээс ард иргэдийн гар дээр очих махыг бөөнөөр нь авч үйлдвэрийн түүхий эдийг бэлдэж байсан. Эсвэл зах зээл рүү орох замаас малыг амьдаар нь авч, үйлдвэртээ хэрэглэж байсан нь тогтоогдсон. БНХАУ-ын талаас эрүүл ахуйг хангаагүй гэдэг шаардлага ирж байсан.

Дулааны аргаар үйлдвэрлэж экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Тухайн жилийн мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамжтай уялдуулаад хэмжээг тогтоож, журамд өөрчлөлт оруулна. Хонь, ямааны маханд квот тогтоохоор болж байна. Энэ нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.

Ямар ч аргаар мах бэлтгэж экспортолж байгаа компаниуд экспортод гаргаж буй зөвшөөрлийнхөө 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан буюу нөөцөлсөн байх шаардлагыг тавьж байгаа.

Улаанбаатар хотын махны хэрэгцээг тогтвортой байлгах зорилгоор ирэх онд 15,000-аас доошгүй тонн махыг нөөцөлсөн байх бэлтгэл ажлыг одооноос эхлүүлэхээр шийдлээ.

Өнгөрсөн жил харьцангуй бага мах бэлдсэн нь зах зээлд гарч байгаа савалгааг зохицуулах хэмжээнд хүрч чадахгүй байлаа.

2018 онд 4,000 тонн мах нөөцөлсөн. Мах бэлтгэх сонирхолтой компаниуд байсан боловч арилжааны банкаар дамжуулж санхүүжилтээ авах шаардлагыг хангаагүйн улмаас гуравхан компани бага хэмжээний мах нөөцөлсөн.

Шинэ гурилтай болох хүртэлх зургаан сарын хугацаанд Улаанбаатарын иргэдийн гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана

Гурилын хангамжийн тухайд, өнгөрсөн жилийн хураасан ургацаас авч үзвэл  хангалттай хэмжээний нөөц болон гурил үйлдвэрлэх түүхий эдүүд үйлдвэрүүдийн агуулахад байна. Одоогийн байдлаар 100 гаруй мянган тонн  гурил үйлдвэрлэх түүхий эд, гурил байна. Дэлхийн чөлөөт худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу 11,000 тонн гурилыг импортоор авна. Шинэ гурилтай болох хүртэлх зургаан сарын хугацаанд Улаанбаатарын иргэдийн гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах бололцоотой. 

Гурилын үнийн хувьд харьцангуй тогтвортой байна. Дээд гурил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 1 дүгээр гурилын үнэ буурсан нь зах зээлийн хангамж тогтвортой байгааг илтгэж байна.

Өнгөрсөн жил төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан

Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийн ургацаас төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Хүнсний ногооны 47 хувийг хангах хэмжээний нөөц хурааж авсан. 4,5 дугаар сараас зоорины хүнсний ногоо худалдаанд гардаг. Энэ дагуу худалдаанд гарах хүнсний ногооны хангамж нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс болон нарийн ногооны үнэ ханш харьцангуй тогтвортой, өмнөх оны түвшнээс бага хэмжээгээр буурсан. Энэ нь зах зээл дээр нийлүүлж буй хүнсний ногооны хангамж тогтвортой байгаатай холбоотой.

Засгийн газар хүн амын стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурил, гол нэр төрлийн хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг өсгөхгүй байх чиглэлээр бололцоогоо дайчлан ажиллаж байна" гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.