Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Nike, Adidas тэргүүтэй компаниуд гуталны үнэ нэмэгдэх аюултайг АНУ-ын ерөнхийлөгчид анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Nike, Adidas, Under Armour, Foot Locker зэрэг Америкийн спорт гуталны брэнд эзэмшигчид, борлуулагчид өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчид хандан захидал бичжээ.

Тэд захидалдаа Хятадын эсрэг тавьсан эдийн засгийн хориг Америкийн худалдан авагчдад “сүйрлийн аюултай”-г анхааруулсан байна.

Нийтдээ 170 гаруй бизнес эрхлэгчдийн хамтарсан захидалд “Хятадаас импортлодог гуталд ямар ч хэмжээний татвар онооход Америкийн иргэд, айл өрхүүдийн амьдралд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Үүнээс гадна манай салбарын олон компаниудын эдийн засгийн чадавхыг сулруулах эрсдэлтэй юм” гэж бичжээ.

Ил захидлыг Америкийн Гуталны Худалдаа эрхлэгчдийн холбооны сайтад нийтэлж, хуулбарыг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар, сангийн яам, худалдааны яам, эдийн засгийн үндэсний зөвлөлд хаягласан байна.

Трампын засаг захиргаа өмнө нь татвар тооцдоггүй байсан Хятадын $325 тэрбумын дүнтэй импортын бараанд 25 хувийн татвар оноох бэлтгэл ажлаа эхлээд байгаа. 

Үүнд спорт гуталны импорт багтаж байгаа юм. Гуталны салбарынхны анхааруулснаар Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноовол АНУ-ын худалдан авагчдад $7 тэрбумын зардал шууд нэмэгдэж байгааг дурдсан байна.

2017 оны байдлаар Хятад улс АНУ-ын бүх импортын гуталны 72 хувийг хангасан байна. 2018 онд гуталныхаа 26 хувийг, бусад хувцасныхаа мөн 26 хувийг Хятадад үйлдвэрлүүлсэн Nike компанийн төлөөлөгч Хятад улсыг “манай импортын чухал эх сурвалжаас гадна манай чухал худалдан авагч” гэж тодорхойлжээ.

Үүнээс гадна Хятад дахь үйлдвэрээ богино хугацаанд өөр улс орнууд руу шилжүүлэх боломж байхгүйг компаниуд улсынхаа ерөнхийлөгчид учирлан тайлбарласан байна.

Гуталнаас гадна бусад бизнесийн салбарынхан ч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны сөрөг нөлөөг анхааруулсаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хамгийн том жижиглэн худалдааны компани Walmart Хятадтай хийж буй худалдааны дайны нөлөөгөөр зарим барааныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй болж байгааг анхааруулжээ.

 

Эх сурвалж: CNN