Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иран дайн болохгүй гэсэн бол АНУ нисэх онгоцнуудад анхааруулга өглөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Иран, АНУ-ын зөрчил туйлдаа хүрч, Персийн буланд дайн үүсэх магадлал нэмэгдэж байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсээр байна.

Тэгвэл Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф өчигдөр Хятадад хийсэн айлчлалынхаа төгсгөлд IRNA агентлагт ярихдаа “Исламын Бүгд Найрамдах Иран Улс дайныг хүсэхгүй байгааг манай дээд удирдагч сая илэрхийлсэн. Үүнээс гадна манай бүс нутагт өөрийгөө Ирантай сөргөлдөж чадна гэж бодож зүрхлэх хэн ч байхгүй байгаа” хэмээн мэдэгджээ.

Тэр цааш нь ярихдаа “тойрон хүрээлэгчид дотроос нь ятгаж байгаа болохоос Дональд Трамп ч дайн хийх хүсэлгүй байгаа” гэж хэлсэн байна.

Зариф ингэхдээ Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг далд утгаар хэлсэн бололтой.

Жон Болтон нь олон жилийн турш Тегераны дэглэмийг унагах үзлийг баримталж яваа хүнд тооцогддог.

Бямба гарагт бас АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа Персийн булан болон Оманы булан орчим нислэг үйлдэж байгаа иргэний агаарын тээврийн компаниудад зориулан анхааруулга гаргажээ.

Энэ бүс нутагт нисэж яваа иргэний агаарын тээврийн онгоцнууд буруу тооцоолсны улмаас байлдааны ажиллагааны золиос болох магадлалтай, мөн харилцаа холбоо, жолоодлогын техник хэрэгсэлд нь зориудаар нөлөөлөх, гажуудуулах оролдлого гарч болзошгүй гэсэн байна.

1988 оны долдугаар сарын 3-нд Персийн буланд АНУ-ын USS Vincennes хөлөг Ираны хөлгүүдтэй тулгарах үеэр ийм эмгэнэлт явдал тохиолдож байжээ.

Тухайн үед Ираны сөнөөгч онгоц руу USS Vincennes хөлгөөс хоёр пуужин харвасан нь Iran Air компанийн Дубай чиглэлд нисэж байсан зорчигч тээврийн онгоцыг оносноор 290 гэмгүй хүн амиа алдаж байсан юм.

Одоо АНУ-ын USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлөг цохилтын бүрэн бүрэлдэхүүний хамт Ормузын хоолойг чиглэн явж байгаа.

Персийн буланг Оманы булантай холбодог энэ хоолойгоор дэлхийн газрын тосны далайн тээвэрлэлтийн гуравны нэг нь дайран гардаг юм. 

Уг хоолойд гарсан ямар ч мөргөлдөөн дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлнө гэдгийг Ираны Хувьсгалт Гвардын дэд командлагч саяхан анхааруулаад байна.

 

Эх сурвалж: Associated Press