Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эдвард Луттвак: Монгол Улс их гүрнүүдийн дунд “уран нүүдэл” хийх ёстой болж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 16
iKon.MN
...Эдүгээ даяаршлыг олон хүн шүүмжилж байгаа ч Монгол Улсад даяаршил том аз завшааныг бэлэглэсэн юм. Даяаршил байгаагүй бол эзэнт гүрний зангараг, эзэнт гүрний их санаархал бүхий хоёр их гүрний дунд Монгол Улс ганцаардах байв. Агаарын ба газрын тээвэр, цахим сүлжээгээр ойртон айлссан даяаршмал дэлхийд Монголын төр, хувийн хэвшил, нийгэм тэр аяараа бусад улс үндэстэн, олон улсын бүхий л голлох байгууллагатай өдөр тутам нягт хамтран ажиллаж байна. Энэ бүхэн хөрш зэргэлдээ хоёр их гүрний шууд нөлөөг саармагжуулж, Монголын засгийн газарт хол ойрын, том жижиг улс орнуудаас олон улсын янз бүрийн хэлбэрийн тусламж, дэмжлэг авах үүдийг нээснээр бодлого, үйл ажиллагаагаа чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олгож байна…Эдвард Луттвак
 
Гэрэл зургийг MPA.mn

Орчин цагийн стратегийн онолд хувьсгалч шинж бүхий том нээлт хийсэн алдартай эрдэмтэн, стратегич, түүхч, эдийн засагч, батлан хамгаалахын зөвлөх Эдвард Луттвак Монгол Улсад хүрэлцэн ирж  “Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага” сэдвээрх лекцээ өнөөдөр хүргэсэн юм. Олон жилийн судалгаандаа тулгуурлан түүний бичсэн “Хятадын стратеги 4.0” номыг ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоо монгол хэлнээ хөрвүүлэн өнөөдөр уншигчдад хүргэсэн бөгөөд уг номын өмнөтгөлд эрдэмтэн Эдвард Луттвик дээрх эшлэлийг тэмдэглэжээ. Атлантын тив тиктоник хөдөлгөөнөөр олон тивд хуваагдсантай адил дэлхийн геополитикийн тэнцвэр өөрчлөгдөж байгааг тэрбээр онцлоод энэ үед Монгол Улс хөрш орныхоо бодлогыг анхааралтай ажиглаж шийдвэр гаргах нь зөв хэмээн зөвлөсөн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдвард Луттвак "Би Монгол Улсыг стратегийн нийслэл төв гэж үздэг. Монгол Улс нь дэлхийн түүхэнд хоёр чухал зүйлээр тэмдэглэгдсэн.

  1. Чингис хаан дэлхийг эзэлсэн түүх
  2. Монголын соёл уламжлал олон төрөл зүйлтэй. Үүгээрээ өнөөгийн Европ, АНУ гээд дэлхий нийтээр ярих болсон олон ургалч үзлийг нээсэн гэж үздэг хэмээн онцолсон юм. 

Түүний хэлсэн болон номондоо тусгасан онцлох эшлэлүүдээс хүргэвэл:

  • Монголын төр засаг газарзүйн таатай бус байрлалд улсынхаа аюулгүй байдал, хөгжлийн асуудпаа шийдэх хүч тавих төдийгүй Хятад дахь Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан, ОХУ-ын Халимаг, Буриадын монголчуудыг хамруулан, хамуг монгол үндэстнийхээ оюун санаа, соёлыг манлайлан чиглүүлэх эрхэм хариуцлагыг үүрч явах учиртай. 
  • Дэлхий дээрх монгол үндэстний тусгаар тогтносон, цор ганц төрт улсын хувьд, өвөг дээдсийнхээ ариун дагшин өлгий нутгийг хамгаалсаар яваагийнхаа хувьд Монгол Улс тэрхүү хариуцлагыг огоорох эрхгүй. Тэрхүү эрхэм хариуцлагын нэг нь өнө эртний, тансаг чамин монгол бичгээ сэргээх талаар нухацтай авч үзэх явдал мөн.
  • Нэн тэргүүнд, Монгол Улс сүүлийн 15 жилд эрэмбэ дараалал нь ихээр өөрчлөгдөж, өрсөлдөөн нь улам ширүүссээр буй Их гүрнүүдийн дунд “уран нүүдэл” хийх ёстой болж байна. 
  • Хятадыг “хайрцаглах” зорилго бүхий далайн гүрнүүдийн эвсэл 2008 онд Австралийн санаачилгаар бүрэлдэж эхэлснээр, 2012 онд Япон, 2016 онд Америк нэгдээд байна. Уг эвсэлд Вьетнам, Энэтхэг чухал байр суурьтай гишүүд болсон бөгөөд ОХУ-тай ч тэд ойр нягт хамтран ажиллаж байна. Далайн гүрнүүд Хятадын хөрш зэргэлдээ улсуудтай сайн харилцаа хөгжүүлэхийг сонирхох нь зайлшгүй бөгөөд энэ нь мөн олон улсын тавцан дахь Монгол Улсын үүрэг оролцоог улам нэмэгдүүлэх нь жам ёсны үзэгдэл юм.
 
Гэрэл зургийг MPA.mn

ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль:

  • Өнөөгийн геополитикт 10, 20 жлийн өмнөхтэй харьцуулашгүй асар их өөрчлөлтүүд хэрэгжиж байгаа. Геополитикийн архитектур бүхэлдээ өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд жижиг улс орон өөрийнхөө стратегийг боловсруулахын тулд дэлхий нийтийн, ялангуяа хөрш орнуудынхаа стратеги бодлогыг маш ойроос судалж, анхааралтай ажиглаж байж өөрийнхөө бодлого шийдвэрийг гаргах ёстой байдаг. 
  • Гадаад харилцааны бодлогыг өөрчилнө гэдэг амар хялбар ажил биш. Аливаа нэг орны гадаад бодлогыг өөрчлөхийн тулд нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж, ирээдүйгээ зөв тооцоолж чадахгүй бол ямар эрсдэлд хүргэдгийг “Хятадын стратеги 4.0” бүтээлээр тодорхой харуулсан. Эндээс бидний авах сургамж их байх болов уу. 
  • Гадаад харилцааны бодлого, төрийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байдаг. Энэ бол сошиал медиагаар харилцан ярилцаад, эсвэл хэн нэгнээс өнгөц хуумгай сонссон төдийд дүгнэлт гаргах сэдэв биш. Маш нарийн судалгаатай, гүнзгий үнэлэлт дүгнэлттэй байж шийдвэрээ гаргадаг чиглэл учраас гадаад харилцааны бодлогод хөнгөн хуумгай битгий хандаасай. 
  • Янз бүрийн популизм энэ салбарт хийж болохгүй. 
 
Гэрэл зургийг MPA.mn

ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоо:

  • Бид өөрсдийнхөө улсыг хөгжүүлэхийн тулд, өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц дээр төрт улсаа авч явахын тулд эргэн тойрныхоо улс, дэлхий ертөнцийн байдлыг маш сайн судалж мэдэх ёстой. 
  • Эрдэмтэн Эдвард Луттвик Хятадын сүүлийн 15 жилийн стратегийг судалж, энэ номоо гаргасан байдаг. Тиймээс энэ ном бидэнд өөрсдийнхөө бодлогыг боловсруулж гаргахад чухал суурь болох ёстой.
  • Ямар ч улс өөрөө өөртөө л найдах ёстой. Хэн нэгэн тусална гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хэчнээн жижиг улс байсан ч цэрэг арми нь хүчтэй байх ёстой, өөрийнхөө хүчинд дулдуйдах ёстой, өөрөө л бүхнийг шийдэж өрсөлдөөнд, олон улсын ерөтнцөд амьдрах ёстой гэсэн дүгнэлт энэ номд бий.