Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг интернэтээр бүрхэх зорилготой Илон Маск эхний 60 хиймэл дагуулаа хөөргөх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

SpaceX, Тесла компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдтай интернэтийг хиймэл дагуулаар хүргэх төсөл эхлүүлээд байгаа билээ.

Төлөвлөгөө ёсоор дэлхийг тойроод 12,000 орчим хиймэл дагуул ажиллах ёстой. Тэгвэл эдгээрийн эхний 60 хиймэл дагуулыг ирэх Лхагва гарагийн шөнө хөөргөх гэж байгаагаа Маск өнгөрсөн Бямба гарагт твиттер хуудсаараа зарлажээ.

Тэрээр SpaceX компанийн 70 метр урт Falcon 9 пуужинд зай завсаргүй ачсан хиймэл дагуулуудын зургийг энэ үеэр үзүүлсэн байна.

 

2015 онд анх ярьж эхэлсэн Starlink төсөл нь дэлхийн бөмбөрцгийг интернэтийн сүлжээнд бүрэн холбох зорилготой. Хиймэл дагуулаар холбогдох интернэтийн хурд нь өнөөдрийн дунджаас 40 дахин өндөр байна гэж тооцож байна. Хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцгийн аль цэгт байгаагаасаа үл хамааран ийм өндөр хурдтай интернэт ашиглах юм.

Амазоны Жэф Безос мөн ийм зорилготой Project Kuiper төслийг эхлүүлээд байгаа. Тиймээс өрсөлдөөн ширүүн болж, үнэ өртөг нь хямд байх ирээдүй харагдаж байна.

Маскын төсөл амжилттай хэрэгжвэл 2020 он гэхэд интернэтийн сүлжээ нь дэлхийн зарим бүс нутагт ажиллаж эхлэх юм. SpaceX компани 2020 онд 120 метр урт, 150 тонн даацтай, дахин ашиглагдах Starship аварга пуужинг ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжвэл илүү олон хиймэл дагуулыг нэг дор тойрог замд хүргэх боломжтой болно.

 

Эх сурвалж: Tech Insider