Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн баячуудын жагсаалтыг Энэтхэг бизнесмэнүүд тэргүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Их Британийн баячуудыг хөрөнгийн хэмжээгээр нь эрэмбэлдэг жил тутмын Rich List судалгааны үр дүн гарсан байна. Уг судалгааг тус улсын хамгийн том сонин “The Sunday Times” эрхлэн гаргадаг юм. 

Энэ жилийн жагсаалтыг Энэтхэгт төрж, Лондонд амьдардаг ах дүү Гопичанд болон Сричанд Хиндужа нар тэргүүлжээ.

Аж үйлдвэрийн салбарт ажилладаг тэдний хөрөнгө 22 тэрбум фунт болж, өмнөх жилээсээ 1.35 тэрбумаар өссөн байна.

Энэтхэг ах дүүс өмнөх оны тэргүүн баян Сэр Жим Рэтклиффийн байрыг булаасан юм. Химийн үйлдвэрлэлийн “Ineos” компанийн эзэн Рэтклифф өнгөрсөн онд 2.9 тэрбумыг алдаж, 18.1 тэрбумын хөрөнгөөр жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

Жагсаалтын дэд байранд үл хөдлөх хөрөнгийн бизнесмэнүүд болох ах дүү Дэвид болон Саймон Рюбен нар 18.6 тэрбумын хөрөнгөөр орсон байна.

Британийн дөрөв дэх баян хүнээр 14.8 тэрбумын хөрөнгөтэй Зөвлөлт Холбоот Улсад төрсөн Сэр Лен Блаватник багтсан юм.

Өнгөрсөн онд хамгийн том үсрэлт хийсэн хүн бол зохион бүтээгч Сэр Жэймс Дайсон байлаа. Тэрээр жилийн дотор хөрөнгөө 3.1 тэрбумаар ахиулж, 12.6 тэрбумын хөрөнгөөр 12 дугаар байраас тавдугаарт ахижээ.

Зургаадугаар байрт Британий хамгийн баян эмэгтэй, Тетра Пак савалгааны технологийг бий болгосон хүний ач охин Сигрид Раусин 12.2 тэрбумаар жагссан байна.

Долдугаар байрыг шар айрагны үйлдвэрлэлийн өв залгамжлагч Шарлен де Карвальо-Хайнекэн 12 тэрбум фунтын хөрөнгөөр эзэлжээ.

Британийн топ 10 баяны сүүлийн гурван байрыг Оросууд эзэлсэн байна.

Наймдугаар байранд Арсенал хөлбөмбөгийн клубын эзэн Алишер Усманов 11.3 тэрбумаар орсон бол Челси клубын эзэн Роман Абрамович 11.2 тэрбумаар есдүгээрт жагсжээ.

Өөр нэг Орос тэрбумтан Михайл Фридман 10.69 тэрбумын хөрөнгөөр анх удаа Британийн топ 10 баяны жагсаалтад багтсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойр холбоотой гэгддэг Фридман 2015 онд Их Британид шилжиж ирсэн юм.

Энэ жил бэлэн хувцасны жижиглэн худалдааны Arcadia группын эзэн Сэр Филип Гриний хөрөнгө 1.05 тэрбумаас 950 сая фунт хүртэл унаж, тэрбумтны жагсаалтаас хасагдсан байна. Түүний бизнес сүүлийн саруудад санхүүгийн гүн хямралд унаад байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian