Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

“2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн ч 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг  үргэлжлүүлэн хэлэлцлээ. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн таван бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байдаг. Энэхүү биелэлтийн тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо дөрөвдүгээр сарын есний өдөр хэлэлцсэн билээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнээд байгаа юм. Харин Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй ес буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлжээ

Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын боловсруулан  батлуулсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлж байх хэрэгтэй гэсэн саналууд гишүүдийн зүгээс гарч байсан. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг.

Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгээ хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. 

Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү. ЭЗБХ үндсэн чиглэлийн биелэлтийг 68 хувьтай гэж дүгнэсэн. Эндээс улс орны бодлого төлөвлөлт боломжийн, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа юм байна гэж УИХ, ЭЗБХ үзэж байгаа юм шиг байна. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаа үлдэж байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал бий. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амалсан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу.

Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай бодлого зангиддаг байх ёстой. УИХ-ын дарга, гишүүд анхаарч хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцмээр байна. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан үүнээс 97 ажил буюу 92 хувь нь  "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа. 

Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн.

Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ давхцдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд гарсан. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Үдээс хойших хуралдаан 15:00 цагт эхэлнэ.