Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТВ-ийн хураамж адилхан төлдөг ч мэдээллийг хүртээмжтэй авч чадахгүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн тухай асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа уулзалт, семинарыг зохион байгуулж байсан боловч төдийлөн тодорхой шийдэлд хүрч чаддаггүй байсан. Учир нь оролцогч талууд хангалттай бүрддэггүй.

Энэ удаа ч мөн адил чухал оролцоо үзүүлэх ёстой аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа телевизүүдийн оролцоо үнэхээр дутмаг  байлаа. 

Бид мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах тал дээр тодорхой шийдэлд хүрч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хамтран ажиллах нэн шаардлагатай байна.

Мөн улсын зүгээс бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажил болов уу хэмээн ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн хэлтсийн мэдээллийн хүртээмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо хэллээ.

Гэрэл зургийг MPA.mn
2018 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэн байгаагаас 59.7 мянга нь эрэгтэйчүүд, 46 мянга нь эмэгтэйчүүд эзэлж байна. Улаанбаатар хотод гэхэд 35.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харж болно.

Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44.4 хувь нь төрөлхийн, 55.6 хувь нь олдмол байна. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байгааг харуулж буй хэрэг.

Өнөөдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийн хүрээндэх мэдээллийн хүртээмжийн семинарын үеэр хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдийн хүсэж буй зүйлийн нэг нь мэдээллийг хүртээмжтэй байдлаар авахыг хүссэн сэтгэл гэдэг нь мэдрэгдсэн юм. 

"Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд телевизийн хураамж адилхан төлдөг мөртлөө мэдээллийг хүртээмжтэй байдлаар авч чадахгүй байна. Энэ байдлыг нэгдсэн журмаар Харилцаа холбооны зохицуулах хороо шийдэн зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн телевизүүдийн хувьд дохионы хэлний орчуулагчтай байх нь албан ёсны асуудал" гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд хэллээ.