Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт 22 хүүхэд амьдардаг асрамж, халамжийн байгууллагын байшинд гал гарчээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймагт байрлах "Бүхнийг хүүхдийн төлөө" ТББ-ын асрамж, халамжийн байгууллага гал түймэрт өртсөн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдэгдэл хийлээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр 22 хүүхэд амьдардаг асрамж, халамжийн байгууллагын байшинд гал гарчээ.

Галын үеэр хүүхдүүд болон ажилтнууд гэмтэж бэртээгүй, аюулаас аврагдсан байна.

"Тус асрамж, халамжийн төвд амьдардаг 22 хүүхдийн ес нь ЕБС-ийн сурагч, үлдсэн 13 нь цэцэрлэгт хамрагддаг. Гал гарсантай холбоотойгоор айж цочирдсон хоёр охин, нэг багш, галчид түргэн тусламжийн эмч нар тайвршруулах эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна.

Ийм гамшгийн байдал болсонтой холбогдуулан Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гамшгийн нөхцөлд ажиллах журмын дагуу дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Хүүхдүүд өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй наад захын хэрэглээ, хичээлийн хэрэгсэлгүй үлдсэн учраас хүүхэд тус бүрт 250,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Манай газрын тус аймагт байрлах нэгж уг төсөвт тааруулаад хүүхдүүдийг хувцаслах ажлыг зохион байгуулна" хэмээн ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ.

Одоогийн байдлаар хүүхдүүдийг аймгийн нэг цэгийн үйлчилгээний байранд төвлөрүүлж, шаардлагатай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.