Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" төслийн талаар Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид юу хэлэв

Үндэсний шуудан сонин
2019 оны 5 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

УИХ-аас томилогдсон "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэж байгаа боловч олон нийтэд мэдээлэгдээгүй байна. Гэвч тус Ажлын хэсэгт ажилласан зарим УИХ-ын гишүүд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах шаардлагатай тухай байр сууриа илэрхийлсэн удаатай.

Харин нөгөө талд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Оюу толгой"-н үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гаргахгүй байх ёстой тухай мэдэгдэж байв. Мөн саяхан Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргал ажлаа өгөхийн өмнө "Оюу толгой"-той холбоотой хэргийн материал бүрдүүлсэн тухай дурдаад авсан. Тэгвэл бид энэ удаа "Оюу толгой" төслийн талаар Монгол Улсад суугаад гадаад улсын Элчин сайдууд болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид юу хэлсэн талаар онцолж байна.



 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески:

"Оюу толгой" төсөл олж байгаа ашиг орлого, бий болгосон ажлын байр зэргээрээ Монгол Улсын хувьд чухал том төсөл. Нөгөө талаар олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудыг "Оюу толгой" шиг ийм том төслийг амжилттай хэрэгжүүлж чадах нь уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглан харж байна. Маш том хөрөнгө оруулалтын төсөл болохоор ярвигтай байгаа нь ойлгомжтой ч тогтвортой хэрэгжиж чадах нь уу гэдгийг харж байгаа. Монгол Улсын хувьд урт хугацааны томхон хөрөнгө оруулалт хийхэд найдвартай байж чадах эсэх нь энэ төслийн үр дүнгээр харагдана.

(Дөрөвдүгээр сарын 22)

 

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн:

"Оюу толгой" төсөл нь Австралиас орж ирсэн том хөрөнгө оруулалт гэдгээс илүүтэйгээр Монголын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Орлогын эх үүсвэр, ажлын байр, орон нутгийн бүтээмж, экспортын өсөлт урт хугацааны туршид амжилттай хэрэгжихэд голлон нөлөөлж буй хамгийн том төсөл учир "Оюу толгой" төслийг амжилттай үргэлжлүүлэх нь бид бүгдэд зайлшгүй хэрэгтэй байна.

(Тавдугаар сарын 6)

"Оюу толгой" төсөл нь роялти болоод бусад татварын хэлбэрээр Монгол Улсын төсөвт оруулж буй үр ашиг, орон нутаг, дотоодын зах зээлээс худалдан авалт хийх, сургалт явуулж, ажлын байр нэмэгдүүлэх, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэргээр тус улсад шууд оруулж буй хөрөнгө оруулалтын үнэ цэнэ, үр өгөөжийг ойлгож үнэлээсэй гэж боддог.

(April edition of the Mongolian Mining Journal)

"Оюу толгой" төсөл нь урт хугацааны туршид Монгол Улсад бодит үр ашгаа өгөх төсөл юм. Гэхдээ "Оюу толгой" төсөл нь одоо маш эгзэгтэй шатан дээр явж байгааг аль аль талууд ойлгох нь чухал. Тогтвортой байдлыг хангахын тулд талууд хамтран ажиллах хэрэгтэй. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр ирээдүйд Монгол Улсад санхүүгийн үр ашгийг авчрахын зэрэгцээ гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах үүд хаалгыг нээх юм.

(April edition of the Mongolian Mining Journal)

 
Гэрэл зургийг MPA.mn

АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен:

Оюутолгойн далд уурхай 2021 онд ашиглалтанд орно. Уурхайн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын төсвийн орлого өснө гэж харж байгаа. Хэрвээ далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ цуцалбал энэ бүх ажил зогсох болно. "Оюу толгой"-оос Монгол Улсад төлөх татварын орлого ч байхгүй болно.

(Дөрөвдүгээр сарын 3)

 
Гэрэл зургийг MPA.mn

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, 2021-2022 онд үйлдвэрлэлээ эхлүүлбэл Монгол Улсын төсөвт маш их хэмжээний орлого хуримтлагдаж эхэлнэ. Тиймээс тэр бүх орлогыг сайн хуримтлуулж, зөв зохистой зарцуулахад анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Одоо хэрэгжүүлж байгаа бодлогынхоо зөв голдирлоос халихгүй байж чадвал урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал маш нааштай байгаа.

(Дөрөвдүгээр сарын 11)

 

АМЧАМ-ын Монгол дахь ТУЗ-ийн дарга Ойбек Н.Халилов:

Хэрвээ Оюутолгойн гэрээг хүчингүйд тооцож, өөрчлөлт оруулбал цаашдаа хөрөнгө оруулагчид Монголд хууль хэрэгждэгт эргэлзэх болно. Гэрээний хуулийн дагуу баталгаажсан баримт бичиг шүү дээ. Харин Засгийн газрын шийдвэр гэрээний хуулийг хүчингүй болговол ирээдүйн бүх хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл үүсгэнэ.

(Дөрөвдүгээр сарын 16)

 

Австрали Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Жон Лантри:

Австрали нь Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч байж ч магад. Австралийн үндэстэн дамнасан "Рио Тинто" корпораци нь "Оюу толгой" төслийн хамгийн том хөрөнгө оруулагч юм. Уул уурхайн тоног төхөөрөмж, үйлчилгээний чиглэлээр ч Австралийн компаниуд хөрөнгө оруулсан. Эдийн засаг дахь хамтын ажиллагаа улам өргөжиж Австрали улс чанартай хөрөнгө оруулалтаар Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна... Хамгийн гол нь гадаадын чанартай хөрөнгө оруулалтыг татахын тулд олон улсад өрсөлдөж чадахуйц орчин бүрдүүлэх нь чухал. Энэ хамгийн чухал шалгуур.

"Оюу толгой" төсөл амжилттай хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаар санал зөрөлдөх зүйл гардагч үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилж байна. "Оюу толгой"-н нийт ажилчдын 90 гаруй хувийг монголчууд бүрдүүлэх болсон. Төслийн хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад ч анхаардаг. Ийм том төсөлд Австрали улс оролцож байгаад бахархаж явдаг. Харин ашигт малтмалын олборлолтын лицензийг шилжүүлэхэд татвар авдаг болсонд миний хувьд сэтгэл дундуур байна.

Австралид ийм төрлийн татвар ногдуулдааггүй. Сайн орчин бүрдүүлж чадах юм бол хувийн хөрөнгө оруулалтыг татаж чадна. Хувийн хөрөнгө оруулалт нь орлого, ажлын байр бий болгодог. Уул уурхайн салбар тогтвортой биш бол хөрөнгө оруулагчид үргэх болно. Австралийн Засгийн газар уул уурхайн салбарт хөрөнгө оруулдаггүй. Учир нь татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар ингэж зарцуулах нь ухаалаг шийдвэр биш юм. Харин Австралийн Засгийн газар дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж бизнесийн байгууллагууд шударгаар өрсөлдөх орчин нөхцөлөөр хангадаг юм.

Монгол Улсын хувьд ийм туршлагаас судалж хэрэгжүүлэх нь зүйтэй. Оюутолгой бол дэлхийн хамгийн том алт, зэсийн уурхай. Барилга, бүтээн байгуулалтын ажил нь төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжиж байна. Энэ оны хувьд нийт нэг тэрбум орчим долларын хөрөнгө оруулсан. Монгол Улсад ажлын байр бий болгож, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Төслийн хүрээнд уул уурхайн орчин үеийн технологи ашигладаг. "Рио Тинто" уул уурхайг хамгийн зүй зохистойгоор ашиглахыг зорьдог. "Оюу толгой"-н орлого Монголын ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлж байна. Оюутолгойд очиж үзсэн хүн бүрт онцгой сэтгэгдэл төрдөг юм. Улстөрчид тийшээ очиж энэ төсөл ямар их үнэ цэнэ бий болгосоныг нүдээр үзэх нь зүйтэй гэж би боддог. "Оюу толгой"-н нийт ажиллах хүчний 92 хувийг Монголчууд бүрдүүлж байна. Монголчууд тэнд ямар их зүйл хийж бүтээснийг үзэх хэрэгтэй. Тэд хийсэн ажлаараа үнэхээр бахархадаг юм билээ...

"Оюу толгой" компани усыг хариуцлагатай ашиглаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Баяжуулах үйлдвэрт усыг маш үр ашигтай ашиглаж байна. Зохистой хэрэглээний дэлхийн дунджаас бараг гурав дахин үр ашигтайгаар усыг зарцуулдаг. Нийт ашигласан усны бараг 90 хувийг дахин ашиглаж байгаа. Маш үр дүнтэй технологи. Уул уурхайн салбар нь цэвэр усны нөөцийг хамгаалж хадгалах үйлсэд ч хувь нэмрээ оруулж чадахыг харуулсан. Жишээ нь, Дэлхийн банктай хамтран Өмнөговь аймагт усны нөөцийн захиргааг байгуулахад тусласан. Усыг ухаалаг зүй зохистой ашиглах талаар мэдлэг түгээх нь чухал байна. Оюутолгойн уурхайгаас гадна цэвэр ус ашигладаг өөр хэрэглэгч нар ч бий шүү дээ. Жишээ нь нүүрсний олон уурхай орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. "Оюу толгой" Рио Тинто шиг дэлхийн хэмжээний том компаниуд усыг маш зохистой ашиглах жишиг тогтоосон байдаг.

(Нэгдүгээр сарын 6)

Зураг