Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах санал гаргасан ч дэмжигдсэнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг Засгийн газарт чиглэл болгох тухай санал гаргасан юм. Түүний энэхүү санал гишүүдээс дэмжлэг авч чадаагүй бөгөөд харин гишүүдийн саналыг нэмж тусган, өөрчилж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул тэдний эрхийг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгох санал дэмжигдсэн.  

Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хууль номоороо явдаг улс байсан бол ийм юмны сураг сонсонгуут Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд, бүх шүүгчдийн хуралдаан хийгээд энэ хүмүүсийг суллах ёстой. Гэтэл Ерөнхий шүүгч танхимынхаа тэргүүн шүүгчийн эрхийг булааж аваад өөрөө хурал даргалаад дуусгачихсан” гэсэн.  

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн тэдийн тэдэд заасны дагуу энэ хүмүүсийг өнөөдөр шууд суллах ёстой гэсэн заалт байна уу. Тийм заалт байвал хэлж өгөөч” хэмээн ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгээс лавлав. 
Ш.Раднаасэдийн асуултад ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 13, 15 дугаар зүйлд байгаа” гэсэн хариулт өгсөн юм. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Байнгын хорооноос хэн нэгнийг сулла гэдэг чиглэл өгч болохгүй. Прокурор, шүүхэд асуудлаа тавьж, тэдгээр байгууллага нь шийд. Шийдвэр гаргасны дараа сулла гэдэг чиглэл л өгч болно. Түүнээс биш шууд сулла, хорь гэдэг чиглэл өгч болохгүй” гэв.