Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ленинградын бүслэлт

ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг Оросын ард түмэн тэмдэглэнэ. Энэ өдөр зөвхөн Зөвлөлт Холбоот Улс дайнд ялсны баярын өдөр биш маш олон хүний амь нас эрстэсэн, асар их гарз хохирол, гай зовлон дагуулсан дэлхийн дайн дуусаж, энх тайван цаг эргэн ирсэн баярт өдөр. Дайны хор хөнөөлийг амссан, хохирсон зовсон бүх ард түмний “Баярын өдөр” дэлхий нийтээрээ тэмдэглэдэг тэр дундаа Монголчууд бид ч ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Ялалтын баяраа тэмдэглэн дайнд үрэгдэгсдийгээ хүндэтгэн хойд хөршийн олон хотод сүрт парад, том жагсаал хийж, концерт тоглодог, баярлаж хөөрч, өндөр дээд хэмжээнд тэмдэглэдэг уламжлалтай. Дайны хүнд жилүүдэд Монголчуудаас өгсөн тусламж, сэтгэл санааны дэмжлэгт талархаж монгол морьдын хөшөөг Москва хотод байгуулсаныг бид мэднэ.

Орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэнд байж, өлсөглөн зовлон, үхэл хагцал гээд олон хүнд бэрхийг даван туулж төрлөх хотоо баатарлагаар хамгаалсан аугаа түүхтэй хот бол Ленинград (одоогийн Санкт-Петербург) юм. Орос орны соёлын шинжлэх ухааны нүүр царай болсон тансаг сайхан хотод Санкт-Петербург хот зүй ёсоор тооцогддог. Тэр сайхан хотод сурч амьдарч байсны хувьд Санкт-Петербурги хот Оросын бусад хотуудаас өөр гэдгийг мэдэхийн хувьд энэ баярын өдөр миний хувьд энгийн биш өдөр.

Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байсан. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн. Дайны фронтын шугам таслагдсан тэр цаг үед 1941 оны 9-р сарын 9-нөөс 1944 оны 1-р сарын 27 хүртэл 872 хоногийн турш Ленинград хот бүслэлтэнд байсан бөгөөд түүхэнд Ленинградын бүслэлт гэдэг нэрээр мөнхрөн үлджээ.

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1.5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдсэн 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис хэрцгий бүслэлтийн тоонд ордог юм.

Гитлерийн төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа. Харин Ленинград хотод байсан зөвлөлтийн цэргүүд, хотын оршин суугчид Германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо баатарлагаар хамгаалсаар байсан юм. Иймээс Германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийдсэн. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис бодлого байсан юм.

Бүслэлт эхлэнгүүт хүнсний нөөц дуусч, талоноор олгож эхэлжээ. Жирийн иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой. Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох гарах авто зам, төмөр замыг бүгдийг хаажээ. Бүслэлт эхэлснээс 3 сарын дараагаас гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн байна. Агаараар, усаар гэсэн хоёр аргаар хүнс залгуулах боломжтойгоос онгоцоор хүнс тогтмол зөөгөөд байх аргагүй тул хотын зүүн хэсгээр Ладога нуурын ус хөлдөнгүүт хот руу маш бага хэмжээгээр хүнс нууцаар оруулдаг, эргээд хүүхдүүдийг бүслэлтээс зөөж гаргадаг байсан. Гэхдээ нацистуудыг Ладог нуурын орчмыг тасралтгүй бөмбөгдөж, өлсгөлөнг давж зугтсан иргэд зам зууртаа амиа алдаж байсан юм. Олон хүний амьдралыг залгуулж “гадна” ертөнцтэй харьцах ганц жим болж байсан болохоор түүнийгээ “амьдралын зам” гэж нэрлэж байсан.

Хүнд хатуу үеийг даван туулахын тулд хүмүүс идэж болох бүх л зүйлийг иддэг байж, муур нохойг идэж, сүүлдээ хулгана харх ч харагдахаа больсон гэдэг. Түүнээс гадна цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгоно , ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хэрнээ хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг. Өвлийн хүйтэн, тог цахилгаангүй, түлэх түлээгүй, идэх хоолгүй, олон хоног сарын өлсгөлөнт тарчлаанд юу ч хийхээс сийхгүй мэт санагдавч тэд оюунт хүн хэвээрээ байсан юм.

Фашистууд хортой хоол хүнс, өвчтэй мал амьтан онгоцоор хаяж хотын оршин суугчдыг хордуулах, өвчин тахал тараах гэх мэтийн харгис хэрцгий арга хэрэглэж байсан ч тэд баатарлагаар тэмцээр байсан юм. Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан. Хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгэм илрүүлж, тэдгээр хүмүүсийг газар дээр нь буудан алдаг байсан талаар бичсэн байдаг.

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн байдаг. Өлссөн хотынхон ширхэг ч төмс, атга будаанд гар хүрсэнгүй, хүрээлэнгийн 28 ажилтан өлсгөлөнгөөс болж нас барсан байдаг. Дайны дараа чухам энэ фондын ачаар газар тариалан, хөдөө аж ахуй эргэн сэргэж олон сая хүнийг хүнстэй залгуулж, амьдрал бэлэглэсэн ачтай газар гэдэг.

Бидний өнөөдрийн идэж буй төмс, ногоо, гурил ч энэ фондоос эхтэй болов уу хэмээн боддог. Ленинград хотын бүслэлтэд 2.5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байсан гэдэг. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин сүйдэж, барилгын нурангид хүмүүс дарагдаж амиа алдаж байсан. Бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе бол 1942 оны өвөл байсан бөгөөд хотын төвлөрсөн халаалтын систем ажиллахгүй болсон өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, номыг түлж дулаацах болов. Өсвөр насны хүүхдүүдийг ч үйлдвэрт ажиллуулах болжээ.

Нөхцөл байдал хүнд байсан ч хотын амьдрал алхам алхмаар үргэлжилж л байсан юм. Бүслэлтийн үеэр сургууль, үйлдвэрүүд ч ажилласаар л байсан бөгөөд Кировын завод гэхэд л фронтын шугмаас хэдхэн километрийн зайтай үйлдвэртээ танк, буу зэвсгийг үйлдвэрлэж байсан. Ленинградын үйлдвэрүүдэд дайны зэвсэг техникийн 30 хувийг хангаж байсан, алдарт Катюша харвагчийг хүртэл тэнд үйлдвэрлэж байсан ба хотын 10 гаруй үйлдвэрт цэргийн онгоц үйлдвэрлэж байсан. Үйлдвэрлэлийн том төв байсныг дагаад шилдэг инженер мэргэжилтнүүд олноороо ажиллаж байсан. Бүслэлтийн дараа, дайны үед ч олон музей, музейн үзмэрүүдийг сэргээн засварлах ажил эхэлсэн байдаг.

Хотын иргэд амьд гарахын тулд нэгдэн тэмцэж, театрууд нээлттэй, соёлын арга хэмжээнүүд явагдаж байсан гэдэг. Нацистуудын их бууны галын дор бүслэгдсэн хотод аугаа их хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович 7-р симфониа бичсэн. Түүний энэ бүтээлийг 1942 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ленинградын радио чанга яригчаар хот даяар нэвтэрүүлсэн байна.

Эх орны дайны эхлэлийн цэг болж, эхний фронтод тэмцсэн Лениградын иргэд одоо ч Орос орны бахархал хэвээр байдаг. Санкт-Петербург хотын оршин суугчид Москвагийнханыг “тосгоныхон”, “хөдөөнийхөн” гэцгээдэг юм. Өлсгөлөн үхлийн аймшигт зовлон амссан Санкт-Петербургийн оршин суугчид бусад хотын иргэдээс тэс өөр эелдэг зөөлөн, боловсон соёлтой ,хөгшчүүд нь дотроосоо гэрэлтсэн, зан харьцаа сайтай, найрсаг, тусархаг хүмүүс байдаг.

Аугаа их Петр хааны үндэслэсэн байгуулсан энэ хотод тэр үеээс л ихэс дээдэс язгууртанууд, алдар нэртэй зохиолч зураачид, урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд, инженер, техникчид гээд нийгмийн дээд давхаргын гишүүд амьдарч ирсэн бөгөөд Орос орны түүх, соёл урлаг, шинжлэх ухааны үүр уурхай гол цөм нь байсаар ирсэн.

Бүр XIX-зууны үед гэхэд л Санкт-Петербурги хотын дурын морин тэрэгчин европын аль нэг хэлээр яридаг ойлгодог байсан гэдэг. Ийм оюунлаг сэхээтэний хотод амьдрахаас гадна асар их зовлон бэрхшээлийг биеэрээ мэдэрсэн ард түмэн болохоор тэрүү бүр илүү боловсорсон гэгээрсэн мэт санагддаг. Магадгүй өлсөх, даарах, өвдөхийн зовлон туулаагүй, соёл, урлаг , шинжлэх ухаанаас хол хөндий, бүдүүн борог харьцаатай, хаяг асуухад дайрчих шахам өнгөрөх, бухимдуу, ширүүн хүмүүстэй өөр хотынхон тэдэнд “хөдөөнийхөн” мэт санагдавч тоолгүй өнгөрөөх өрөвч зөөлөн сайхан
сэтгэлтэй гэгээлэг оюунлаг хүмүүс юм.

Санкт-Петербургт анх очоод дэлгүүрт тал талх, талын тал талх зүсүүлж авч болохыг хараад их сонин санагдаж байж билээ. Нэг удаа хотын Технологийн Их Сургуульд сурдаг Монгол найз дээрээ очихоор яваад дотуур байрны жижүүр эмгэн хогон дотор бүтэн талх хаясан байхыг хараад авч хажуудаа тавьчихаад уйлж суухыг хараад өр өвдөж явсан үе саяхан юм шиг санагдана. Зүсэм талх хүний амьтай дүйсэн хүнд хэцүү цаг үеийг туулсан болохоор талхны үнэ цэнийг мэддэг тэрээр хойч үе нь ямар болж байгааг хараад аргагүй уйлсан байх. Гэхдээ тэр талхыг дотуур байранд амьдардаг Орос оюутнууд биш Араб оюутан хаясан нь тогтоогдсон.

Тэр хотын хөгшин залуу хэнбугай ч талхны үйрмэгийг ч хаяхгүй, талхыг бүтнээр авчихаад идэхгүй удаачихаад үлдсэн хэсгийг хаяна гэсэн ойлголт байхгүй. Тэр зуршил гадны хүнд ч суудаг байх хотын олон музей үзмэрээс өлсөглөн зовлонгийн тухай ботид баримтыг харсан би одоо ч талхны үйрмэг хаядаггүй, хүнс хоол үлдээж хаяхгүйг хичээдэг. Германчууд Ленинградыг газрын хөрснөөс арчих бодолтой байсан гэсэн соёлжсон зэрлэгүүд хамгийн аймшигтай гэж нэгэн суутан хэлсэн нь бий. Германчууд өөрсдөө соёл гэгээрлийн асар их түүх,өв уламжлалтай ард түмэн хүн төрлөхтөний түүхэн өв соёлын нэг болох Санкт-Петербург хотын түүх соёлын их өвийг сөнөөх, газартай тэгшлэх харгис санаатай байсан гэдэг аймшигтай.

Тэд асар их үнэ цэнээр төрлөх хотоо болон түүх соёлын дурсгалт олон газраа хамгаалж авч үлдэж чадсан. Германчууд дайны жилүүдэд хотын ойролцоох түүх соёлын өв болсон Петергоф гэх мэт олон газрыг эзлэж чадсан гэхдээ тэд газартай тэгшлээгүй үлдээсэн. Орос орны түүх, соёлын үнэлж баршгүй өв хадгалагдасан олон ордон өргөөг сэргээж болох хэмжээнд үлдээсэн нь одоо дэлхийн олон сая хүний нүд сэтгэлийг баясгаж байна.

Газартай нь тэгшилж эзлэн авахад 3 сарын хугацаа хэрэгтэй байсан гэдэг ч стратегийн ийм чухал газрыг 3 жил бүслэлтэнд байлгаж, хүн ардыг нь хүнс хоолоор тасалж, өлсгөлөнгөөр л буулгах санаатай байсан. Тэвчээр хатуужил шалгасан хүнд бэрх 900 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд нэгдсэн хүчээр
Германы бүслэлтийн армитай тулалдаж бут цохин тэднийг хотооос 60 км алсад хөөн зайлуулж чадсан. Ийнхүү нацистуудыг үлдэн хөөснөөр өлсгөлөнд нэрвэгдэж, турж эцэн ядарч туйлдсан ард иргэдээ чөлөөлсөн юм.

Төрлөх хотоо зориг баатарлагаар хамгаалж чадсан Ленинградчуудыг магтан дуулж алдаршуулан 1965 оны 5-р сарын 09 нд Ленинград хотыг ЗХУ-н Баатар хот хэмээн өргөмжлөн алтан таван хошуу одонгоор шагнасан. Хотод өнөөг хэр нь дайны хахир хатуу цаг үеийг санагдуулсан дурсгалуудыг солилгүй хадгалан үзмэр болгон хойч үе хүүхэд залуусдаа үзүүлдэг.

Миний сурч байсан Уул уурхайн Их Сургуулийг эх орны дайны жилүүдэд Иркутск мужийн Чермехово хот руу нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Бүслэлтийн дараа 1944 оны 8-р сард буцан нүүж ирэн нурж эвдэрсэн байр байшингаа сэргээн босгох хотын болон өөрийн сургуулийн байрны тэсрэх бөмбөг, сум хэрэгслийг аюулгүй болгох үйл ажиллагааг явуулсан байна.

Санкт-Петербурги хотын уул уурхайн их сургуулиас олон зуун оюутан, аспирант, багш эх орны дайны фрондод байлдсан бөгөөд тэднээс 185 хүн фронтын шугам дээр амь эрстэсэн ба зуу гаруй хүн өлсөглөн бөмбөгдөлтөнд өртөж амь насаа алдсан гэдэг.

 

Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газарт хүндэтгэлийн цогцолбор нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаажээ. Хүнд хэцүү 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахалаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй.

Цогцолборын музейн архивт амь үрэгдэгсдийн нэг нэгэндээ бичиж байсан захидал, тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс, зүсэм хар талхыг хүртэл тавьсан байдаг. Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэх эдгээр тэмдэглэлүүд түүх болон хадгалагджээ.

 

 

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ- Технологийн Сургууль. Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар.