Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоосон цаас барьж зогссон залууг Казахстанд баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Казахстаны баруун бүсийн Орал хотын оршин суугч, 24 настай Аслан Сагутдинов эрх баригчдын тэвчээрийг шалгах зорилгоор нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ.

Тэрээр төрөлх хотынхоо төвд орших Абайн талбайд хоосон цаас бариад хотын захиргааны зүгт харж зогссон байна. Аслан ямар нэг эсэргүүцэл илэрхийлэлгүй ингэж зогссоныхоо төлөө цагдаад баривчлагдана гэдэгтээ итгэлтэй байсан юм. Өөрөөр хэлбэл тэр Казахстанд сөрөг хүчний дуу хоолойг эрх баригчид хэрхэн дардгийг харуулах зорилго тавьжээ.

“Умард Солонгос шиг болгохгүйн тулд би үүнийг хийж байгаа юм” гэж ярьсан Асланыг удалгүй эргүүлийн цагдаа нар баривчлан авч явсан байна.

Түүнийг ямар шалтгаанаар баривчилсныг асуухад цагдаа нарын нэг “Дараа учрыг нь олно” гэхээс өөр тайлбар хэлээгүй юм.

Гуравдугаар сард ерөнхийлөгч Нурсултан Назарбаев сайн дураар огцорсноос хойш Казахстанд иргэдийн эсэргүүцэл тэмцэл үргэлжилсээр байгаа.

Эхлээд улсын нийслэлийн нэрийг Нур-султан болгох засгийн газрын шийдвэрийг зарим иргэд эсэргүүцэн тэмцэж байв. Сүүлдээ тэмцэл нь улс төрийн шинжтэй болж, ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг шударга, нээлттэй явуулахыг шаардаж эхэлсэн байна.

Сагутдиновыг баривчилсан явдлын талаар Казахстаны улс төрийн тоймч Досым Сатпаев “Энэ бол улс төрийн хошин жүжиг. Удахгүй цагаан цаас зэвсэгт тооцогдож, цаас худалдаж авахын тулд зөвшөөрөл авдаг болох нь” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Аслан Сагутдинов өмнө нь Орал хотод болж буй улс төрийн тэмцлүүдийг сошиал сүлжээгээр дамжуулдаг байсан юм.

Майн баярын тэмцлийн үеэр цагдаа нар түүнийг богино хугацааанд саатуулан байцааж байжээ. 

 

Эх сурвалж: BBC