Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Иракт гэнэтийн айлчлал хийлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Иракын нийслэл Багдад хотод гэнэтийн айлчлал хийжээ.

Тэрээр Финландад болсон Арктикийн Зөвлөлийн орнуудын сайд нарын уулзалтад оролцоод Германы нийслэлд саатах байсан ч чиглэлээ өөрчлөн Иракийг зорьсон байна. Айлчлалын зорилго нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед АНУ-Ираны хооронд дайсагнал эрчимжсэнтэй холбоотой бололтой.

Помпео дөрвөн цаг саатахдаа Иракын ерөнхий сайд Адил Абдул Махдитай уулзсан байна. Уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа тэр “Ираны түрэмгийллээс Иракын тусгаар тогтнолыг хамгаалахад АНУ туслах” талаар ярилцсан гэж мэдэгджээ,

Мөн Иранаас эрчим хүчний хамаарлыг нь бууруулах зорилготой яриа хэлэлцээрийг Иракын удирдлагуудтай хийсэн тухай ярьсан байна.

Айлчлалын дараа Пентагоноос гаргасан албан мэдэгдэлд АНУ нь “Ираны дэглэмтэй дайн хийх хүсэлгүй, гэхдээ бүс нутаг дахь Америкийн иргэд, холбоотнууд, ашиг сонирхлыг хамгаалах болно” гэжээ.

Хоёр хоногийн өмнө АНУ нисэх онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln хөлгийг Персийн буланд илгээсэн бөгөөд энэ үйлдлээ Ираны зүгээс аюул заналын шинж тэмдэг тодорхой ажиглагдаж эхэлсэнтэй холбон тайлбарласан юм.

Мөн Мягмар гарагт АНУ энэ бүс нутагт B-52 бөмбөгдөгч онгоцнуудыг илгээсэн байна.

Ираны тал АНУ-ын тайлбарыг үгүйсгэж, өөрийн зүгээс ямар ч аюул занал өдөөгөөгүй хэмээн мэдэгдэж байгаа. Хоёр орны харилцаа 2017 онд Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш эрчимтэй муудсан юм.

2015 онд их гүрнүүдийн Ирантай байгуулсан цөмийн гэрээнээс АНУ өнгөрсөн онд гарч, Тегераны дэглэмийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Эх сурвалж: BBC