Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоганы намын ялагдал хүлээсэн Истанбулд дахин сонгууль явуулахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Туркийн хамгийн том хот өнгөрсөн сонгуулиар сөрөг хүчний мэдэлд шилжсэн нь тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы тэргүүлдэг эрх баригч намын том ялагдал байлаа.

Тэгвэл Туркийн сонгуулийн дээд зөвлөл Истанбул хотын сонгуулийг дахин явуулах шийдвэрийг Даваа гарагт зарлажээ.

Гуравдугаар сарын 31-нд болсон орон нутгийн сонгуульд Эрдоганы AKP (Шударга ёс, Хөгжлийн нам) нам багахан саналын зөрүүгээр Истанбул хотод ялагдсан бол нийслэл Анкарад мөн ялагдал хүлээсэн юм. Истанбул хотод сөрөг хүчний CHP (Ардын Бүгд Найрамдах Нам) нам ялалт байгуулж, хотын даргын суудалд Экрэм Имамоглу томилогдож байв.

Тэгвэл энэхүү томилгоог цуцалж, зургаадугаар сарын 23-нд болох дахин сонгуулийн дараа Истанбулын шинэ дарга томилогдохоор болж байна.

Туркийн сөрөг хүчнийхэн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, эрх баригчдыг “хууль ёс, ард түмний сонголтыг хүндэтгэсэнгүй, дарангуйлал тогтоолоо” хэмээн шүүмжилжээ.

Орон нутгийн сонгуулийн дараа эрх баригч AKP нам Истанбулын санал хураалтын ажиллагаанд зохион байгуулалттай луйвар орсон тухай гомдол мэдүүлж байв. Истанбулд эрх баригчид 48.51 хувийн санал авсан бол CHP нам 48.79 хувийн саналаар ялсан юм.

Сонгуулийн хороо эрх баригчдын гомдлын дагуу Истанбулын хэд хэдэн тойргийн саналын хуудсыг дахин тоолж байсан. Эрдоган энэ хотын даргаар анх сонгогдож, улс төрийн замналаа эхэлж байсан түүхтэй. Мөн эрх баригч нам 1990-ээд оноос хойш Истанбулд тогтмол ялж ирсэн юм.

Тиймээс Эрдоган Туркийн санхүүгийн төв болсон Истанбулыг алдах хүсэлгүй байгаа бололтой.

 

Эх сурвалж: CNN