Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын инновацийн 7 хоног эхэллээ

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэлж байна.

Энэ жилийн тухайд “Хамтын инноваци” уриатайгаар БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ,   Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулах юм. 

Инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжууд нээх, олон нийтэд инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой болохыг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Долоон хоногийн хүрээнд зохион байгуулах дараах арга хэмжээд иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.



2019.05.07 “ХАМТЫН ИННОВАЦИ-2019” хэлэлцүүлэг

БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ аас инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/ -д зохион байгуулна.

2019.05.07-08 “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2019” 

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

2019. 05.08. Залуу судлаачдын “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал 

Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулах арга хэмжээг  “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ ШУТИС-ийн 604 тоотод зохион байгуулна.

2019.05.08. "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2019” эрдэм шинжилгээний бага хурал 

Эрдэм Шинжилгээ, онол практикийн бага хурлыг СУИС зохион байгуулж,  Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. Арга хэмжээ МУИС-ын номын сангийн 502 тоот хурлын танхим болно.

2019.05.09. “ICIED-2019: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 

Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх  боломж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ба ирүүлсэн бүтээлүүдэд  мэргэжлийн хянан магадалгаа хийж,  “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ. Тус арга хэмжээг ШУТИС зохион байгуулна.

2019.05.10. “ФРОНТИР ФИНТЕК” ХАКАТОН арга хэмжээ 

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТИС хамтран Фронтир Финтек Хакатоныг орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн талаар оролцох хүсэлтэй бүх хүн, нийтэд мэдлэг, туршлага олгох зорилготой арга хэмжээг зохион байгуулна. 2019.05.3-10, “ЭРДЭМ” хакатон Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх зорилготой тус арга хэмжээгн ШУА зохион байгуулна.  

2019. 05.11-12. “СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АЖИЛЛАГАА”

Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг  танилцуулах соёлын арга хэмжээг ШУТИС зохион байгуулна.

2019.05.13. “ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ хаалтын ажиллагаа                                      

Инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан бүх арга хэмжээний үр дүнг нэгтгэж, санал санаачлага ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэнэ. Энэ арга хэмжээг МУИС хариуцан зохион байгуулах юм.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам