Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уурхайн замыг хааж, зогсолт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс худалдах гэрээг зөвхөн худалдан авагч талтай байгуулж, тээвэр, ложистикийн асуудлыг орхигдуулдаг. Ингэснээр нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд худалдан авагч Хятадын талтай гэрээ байгуулан ажиллаж, тэдний хэлсэн мөнгөөр тээвэр хийж, өгсөн мөнгийг авч байна. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол тавдугаар сарын 3-нд 70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон" хэмээн Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ хэллээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүсээд буй нөхцөл байдлын талаар тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, болон Баянзам тээвэрчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, уурхайн замыг хааж, зогсолт хийхэд бэлэн тухайгаа мэдэгдсэн юм. 

Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ "70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна" гэв. 

Автотээврийн тухай хуулийн 6.1.7 дэх заалтад жишиг үнэ тогтоож мөрдүүлэх тухай заалт бий. Үүний дагуу 2013 оны долоодугаар 10-нд жишиг үнийг шинэчлэн батлах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 162 дугаар тушаалыг баталсан. Үүнд 100 км-ээс дээш тээврийн зайд нэг тонн км ачааны үнэ хамгийн багадаа 216 төгрөг 56 мөнгө байна гэж тогтоосон байдаг тухай тээвэрчид мөн хэлж байв. Харин 70 юань нь жишиг үнийн тал хувьтай тэнцэж байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс тэд Засгийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулах тухай шаардлага хүргүүлж байна. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү "Хэрэв Эрдэнэс Тавантолгой ХК гэрээндээ тээвэрлэлтийн хөлсийг тогтоохдоо дээрх дурдсан жишиг үнийг баримтална гэж заасан бол бид үнэ буурахад маргаан үүсгэх эрхтэй болно.

Гэтэл одоогийн нөхцөл байдалд бидэнд худалдан авагч талын үнийг дагахаас өөр сонголтгүйд хүрч байна. Тиймээс төр засгийнханд шаардлага хүргүүлж байгаа. Тодруулбал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 230 км уртын тээвэрт 1 тонн тутамд 70 юань, богинын 20 км-ийн тээвэрт нэг тонн тутам нь 120 юань байгаа хэт зөрүүтэй үнийн харьцаа бий болсон талаар нээлттэй  сонсгол хийх, нүүрс худалдан авах гэрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, гэрээг яаралтай шинэчлэх, нүүрс тээвэрлэх эрхзүйн орчныг сайжруулах талаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 13-ны дотор зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна" гэлээ. 

Мөн тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр энэ алхам нь олон хүндрэлийг үүсгэж болох ч тээврийн асуудлыг 100 хувь айлын талд өгсөнөөс үүдэн бий болсон асуудлыг шийдэхийн тулд үүнээс өөр аргагүй боллоо гэж байв.