Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Хэнтий аймагт амласан мөнгөө түймэр унтраахад зарцуулах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн талаар хэлэлцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, маргаан дагуулаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хэлэлцсэн. 

Эхний асуудлын тухайд Ерөнхий сайд Хэнтий аймагт ажилласан. Хэнтийд сонгуулиас илүү түймрийн нөхцөл байдал хүнд байгаа. Тус аймагт гарсан түймэрт Хэнтийн нурууны зүүн хэсэг бүхэлдээ автаад байхад Засгийн газар зөвхөн нөхөн сонгуульд анхаарал хандуулж байна. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байгаа. 

Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Иймэрхүү сурталчилгаа, шоугаа болих хэрэгтэй. Хэнтий аймагт амласан мөнгөө тэнд гараад түймэрт зарцуулах ёстой. 

Тиймээс бид Ерөнхий сайдад бодит амьдрал, хөрсөн дээрээ буугаач гэж шаардлага хүргүүлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсөж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлагаанд орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байгаа. 

Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж, өнөөдрийн байдлаар нийт 500 төгрөгөөр өссөн. Энэ нь инфляфид маш их нөлөөлж байгаа. Мөн махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна. 

Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Энэ хууль хэрэгжсэнээр 37 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын Засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй. 
Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ үгүйсгэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана" гэлээ.