2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
08:00
S32
12°
09:00
S32
13°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
19°
13:00
S32
20°
14:00
S30
20°
15:00
S32
20°
16:00
S30
20°
17:00
S30
19°
18:00
S30
18°
19:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын гурав дахь "шударга" хүнээр УИХ-ын гишүүн С.Жавхлан тодров

Ж.Баяр, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 3
Үндэсний шуудан
Зураг

Өнгөрсөн парламентад С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй бие даагч гишүүдийн нэгдэл байлаа. Ийм нэгдэл эрх баригчдын ажил хэргийг шүүмжилж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг харлуулах замаар нэр алдар хурдан олдог ч эргээд байгуулсан гавьяагүй явдаг зам л даа.

Харин тэдний хоёрдугаар анги өчигдөр мэндэлж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд намаасаа эсрэг байр суурь баримталсан шалтгаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сул гишүүд болчихсон. Тухайн үед тэдэнтэй адил байр суурьтай байсан бие даагч С.Жавхлан бусадтайгаа ирж нэгдсэнээр дараагийн гурвалын драм эхлэх шиг боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ хэлсэн үгнээр нь харахад өөрт нь санал тавьсан учраас л нэгдэж байгаа болохоос биш гүйгээд оччихоогүй юм байна.

mpa.mn

Тэрбээр “Шударга, зөв гишүүдтэй хамтарч нэгдээч гэсэн саналыг иргэд өнгөрсөн хугацаанд их тавьсан. Уг шийдвэрийг гаргахад нийгмийн захиалга нөлөөлсөн. Улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүн надад удаа дараа санал тавьсан. Үүний дагуу маш удаан судалсны эцэст уг намд элсэхээр боллоо. Уг хоёр гишүүнтэйгээ хамтран тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраах гэж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд орж дуу хоолой, хурай болж ажиллана. Цаашид олон ажил хийх болно” гэсэн юм.

Цаашид хийх ажлын хувьд замын зураг нь бараг тодорхой. Тус эвслийн шинэ гишүүн С.Жавхлангийн хувьд хэдэн өдрийн өмнө хууль санаачилсан тухайгаа зарлаад байгаа. Гурван жилийн турш ямар ч хууль санаачлаагүй нь төрийн ажлын дэгийг сурах гэснийх ч байж мэднэ. Ямартаа ч тэрбээр Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн хоёр хууль санаачилсан аж. Өөрөө бол “Өнгөрсөн хугацаанд шалдар булдар хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай байгаа асуудлаар хууль санаачилсан” гэсэн нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Түүний санаачилсан хуулийн хүрээнд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүсэд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр данстай байх, мөнгө хөрөнгө байршуулах, өмч хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулаагүй байх ёстой аж.

Энэ санаа нь 2017 оны дөрөвдүгээр сард баахан хэл амтай батлагдсан “Оффшорын эсрэг хууль” гэж алдаршсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн агуулгатай таараад байгаа юм. УИХ-ын байнгын хороод дүгнэх байх. Мөн нэр дэвшигч нь архи, тамхи, согтууруулах ундааны зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх шаардлага тавьж байгаа тухайд нь бол Үндсэн хууль л яригдаж таарна. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгөх, авах зэрэг хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй байхаар хуулийн төсөлдөө тусгасан гэнэ. Хуулийн давхардал болчихгүй бол сайхан л санаа.

Гэхдээ ямар ч байсан хууль санаачилсан нь дэвшил юм. Улмаар элдэв өмч хөрөнгөтэй хүмүүс сонгуульд нэр дэвших вий гэдэг болгоомжлолыг байнга тавьж байх бололтой. Бас энд тэнд хүний нэр хоч зарлаж байх шалтаг ч болж өгнө. Зөвхөн хардлагын үүднээс хэлэхэд шүү дээ. Харин түүний эвслийн бусад хоёр гишүүний хувьд өдий хүртэл шийдэгдээгүй олон “хэргийг” барьж авчихаад явж байгаа. Одоо тухай нь “60 тэрбумын асуудал” гэхэд тун ээдрээтэй. Хуулийн байгууллага хэдэнтээ шалгаад, баахан хүн байцаагаад бүрэлдэхүүнгүй гэчихсэн л зүйл. Эргээд сэргээж шалгадаг юм гэхэд сонгуулийн бэлтгэл шиг л харагдана. Тэгээд ч эрх баригч нам ирэх сонгуулийн өмнө намжаачих сэдэв биз. Дээр дурдсан намаасаа тас зөрсөн гэгддэг хоёр гишүүн МАН-ын гурван гишүүнтэй хамтран нэг хэсэг явлаа.

Нийтэд төрүүлсэн ерөнхий ойлголт бол тэдний тэмцэл шударга бусын хонгилыг нураах, эрх баригч хүчний дотоод хагарлыг дарж нэг талын бүрэн гүйцэд удирдлагад төр, намын бүхий л эрх мэдлийг шилжүүлэхэд чиглэсэн мэт харагдаж байсан. Харин одоо тэдгээр зорилго нэгэнт бүрдэж, хууль хүчний байгууллагуудын удирдлагууд өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга нарыг сольсноор бүрэн дуусах шинжиндээ орлоо. “Шударга бусын хонгил” гэдэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гаргасан нэршил бол шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг Ерөнхийлөгч томилдог явдлыг л заасан явдал юм. Тэгэхээр “тэмцэгч” гишүүд хэдийгээр “Шударга бусын хонгилыг бүрэн нураана” гэж байгаа боловч нөгөө талдаа “шударга бусын хонгил” гэгчийн шинэ эзэд нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн этгээдүүдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгээр далайлган томилохоос гадна чөлөөлөх эрхтэй болчхоод байгааг бодох хэрэгтэй. Тиймээс АН-аас тасарсан хоёр гишүүнээс Ардын намын мөр зэрэгцсэн нөхөд нь зорилгоо биелүүлсэн гэж үзээд хөндийрсөн байх талтай. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Болд нь Ж.Батзандантайгаа хамтран шинэ нам байгуулахаар шийдсэн тухайгаа дурдах болсон. Түүний эхлэл нь С.Жавхлан гишүүний дурдсан энэ эвсэл болов уу.

Энэ эвсэлд С.Жавхлан нэгдсэнээр нэг талаас мэдээллээс хол, сошиалын давалгаанд өртөмтгий хэсгийн дэмжлэгийг авч болох боловч нөгөө талдаа мэдээлэлтэй, төрийн албаны дэг жаяг, болох, болохгүйг гадарладаг хүмүүсийн дэмжлэгийг Л.Болд, Ж.Батзандан нараас холдуулж мэднэ. Гэхдээ галт тэрэг хөдөлсөн тул цаашид юу болохыг харах л үлдэж байна.

Их хурлын сонгууль хойтон жил болно.Түүнийг ямар ч улстөрч өнжихийг хүсэхгүй. Улс төрд хамгийн гол нь амьд мартагдахгүй байх гэсэн дүрэм бий. С.Жавхлан гишүүний хувьд тангараг өргөх ёслолдоо морьтой ирж олон хүнийг уярааж байлаа. Гэхдээ түүнээс хойших хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг харахад морь бус машин нь л нэмэгдсэн байдаг. Тохилог сууцанд амьдарч, ганган машин хөлөглөх дуртай ч Монголоо гэсэн үндэсний үзлийг түгээж байгаагаар нь хүндлэх учиртай билээ. Төгсгөлд нь хэлэхэд
өнөөгийн Засгийн газрыг авч үлдсэнээрээ адлагдсан УИХ-ын хоёр гишүүн өөрсдийгөө “шударга” хэмээн тодорхойлоод байгаа. Шинэ намын нэр нь Шударга ёсны төлөө гэдэг байх тухай ч ам алдсан болохоор хэлж байгаа юм шүү. Үүн дээр МАН-ын Засгийн газарт хэрхэн үнэлэгдсэнийг нь мэдэхгүй ч үнэтэй саналаа өгсөн нэг гишүүн нэмэгдэж эвсэл боллоо. Нэг үгээр Монголын гурав дахь “шударга” хүнээр тэд УИХ-ын гишүүн С.Жавхланг тодруулжээ.

Зураг
x