2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
20:00
S29
-23°
21:00
S29
-23°
22:00
S29
-23°
23:00
S29
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S29
-22°
03:00
S26
-22°
04:00
S26
-22°
05:00
S26
-23°
06:00
S26
-23°
07:00
S26
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг: Уул уурхайг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй

ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

-Энэ удаад мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авахгүй-

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ийн гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Та Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Уг хуульд яг ямар өөрчлөлтүүдийг тусгасан талаар яриагаа эхлүүлье?

-2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан байдаг. Гэсэн ч тухайн үед дагалдан гарах ёстой Засгийн газрын журам, аргачлал нь  батлагдаагүйн улмаас өнөөг хүртэл уг хууль хэрэгжээгүй бөгөөд төдий хугацаанд ус бохирдуулсны төлбөр аваагүй юм билээ. Энэ асуудлыг хариуцсан салбар яамнаас 2015 онд Засгийн газрын журам, аргачлалыг боловсруулсан ч тухайн үеийн Засгийн газар нь буцаасан.

Ингээд 2016 онд Засгийн газраас уг хуулийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд, өргөн барьснаар ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Усны нөөцөө хамгаалах, дахин ашиглах, бохир усыг цэвэрлэн ашигладаг технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа учраас энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа.

Усны бохирдол нэмэгдэх бүрт ус бохирдуулсны нөхөн төлбөр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн төсөлд маш тодорхой тусгасан. Бас нэг чухал өөрчлөлт нь ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт өөрчлөлтийг хийсэн.

-Иргэний нийгмийн зарим байгууллагууд төлбөрийн доод хэмжээг бууруулсанд тун шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн төсөлд доод болон дээд үнэнд өөрчлөлт оруулсан байгаа. Тодруулбал, хуулиар доод болон дээд төлбөрийн хязгаарыг зааж, Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтооно гэсэн үг. Тодруулбал, хууль батлагдсаны дараа ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэх юм. Хоёрдугаарт, хэрэв анзаарсан бол аюултай бохирдуулах бодисын доод хэмжээг хуулийн төсөлд бууруулаагүй хэвээр үлдээсэн байгаа. Тэгэхээр аль ч талдаа ойлголцоод энэ хуулийг яаралтай хэрэгжүүлж, мөрдөж эхлэх нь зүйтэй болов уу.

-Бас уул уурхайн компаниудыг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлнө гэсэн асуудал яригдаж байна. Үнэхээр шинэ хуулиар уул уурхайн компаниуд ус бохирдуулсны төлбөр төлөхгүй хэрэг үү?

-Хуулийн төсөлд уул уурхайн компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахгүй гэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хаягдал усны чанар стандартад заасан хэмжээнд байвал ус бохирдуулсны төлбөр бага төлнө.

Харин стандартаас хэтэрвэл өндөр нөхөн төлбөр төлнө гэсэн зарчим л яригдаж байгаа. Энэ бол байгаль орчинд ээлтэй, нөгөөтэйгүүр, хүн бүрт шударга байх зарчмаар ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, та ямар ч төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бай, танай компанийн гаргаж байгаа хаягдал усанд агуулагдаж буй бодис их байвал өндөр, бага байвал доод хэмжээнд төлбөр төлнө.

Энгийнээр хэлбэл, их бохирдолтой ус хаяж байвал их төлнө, бага бохирдолтой ус хаяж байвал бага төлнө гэсэн үг.

-Хууль хэрэгжиж эхэллээ гэж бодъё. ААНБ-ууд ус бохирдуулсны төлбөрөө төлөөд байдаг, гэтэл Туул голд нийлүүлж байгаа усны бохирдол  буурахгүй байвал яах вэ. Ямар баталгаа өгөх вэ?

-Энэ хуулийн гол зорилго нь хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах. Мөн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, улмаар дэмжих явдал юм. Хамгийн гол нь, бохирдлыг бууруулах эдийн засгийн хөшүүргийг бий болгож, ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж эхэлнэ гэдэг маш чухал асуудал болоод байна.

Хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, үүнийг дагаад зөвхөн Туул гол гэхгүй бусад олон гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

-Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг яаж төвлөрүүлж, юунд зарцуулах вэ. Мөн хяналтыг хэрхэн тавих вэ?

-Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд төлбөр ногдуулж, ус бохирдуулсны төлбөрийн орлогыг татварын байгууллагаар дамжуулан төвлөрүүлнэ. Хуулийн төсөлд төлбөрийн орлогыг “Байгаль хамгаалах сан”-д төвлөрүүлж, усны бохирдлыг арилгах, мөн хяналт, шинжилгээ хийхэд зарцуулна. Түүнчлэн төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгасан байгаа.

Хуульд ийм тодорхой заасан учраас цэвэрлэх байгууламжууд засвар үйлчилгээгээ тогтмол хийж, хэвийн ажиллах нөхцөл бүрдэхэд бодитой хувь нэмэр оруулна. Жишээлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд байгальд шууд хаягдал ус нийлүүлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн уснаас дээж авч, Байгаль орчны төв лабораторид шинжлүүлж, ус бохирдуулсны төлбөрийг ногдуулна.

Хуулийн хэрэгжилтийн хяналтыг чиг үүргийн дагуу МХЕГ, байгаль орчны болон тухайн хариуцсан газрын сав газрын хяналтын байцаагчид тавиад явна. Түүнчлэн улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөр төлөх ААНБ 60 орчим мянга байна. Эдгээр байгууллагаас жилд гурван тэрбум төгрөгийн төлбөр авах урьдчилсан тооцоо гарсан.

-Мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авна гэж хуульд тусгасан юм уу. Энэ талаар тайлбарлахгүй юү?

-БОАЖЯ-наас боловсруулсан хуулийн төсөлд мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авна гэж Засгийн газраас анх  оруулж ирсэн. Ингээд манай ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн энэ хэсгийг хууль санаачлагчид нь буцаахаар УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхээр оруулсан. Өөрөөр хэлбэл энэ удаад мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авахгүй гэж ойлгож болно.

-УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийсэн томоохон ажлуудынхаа талаар дурдахгүй юу?

-Миний хувьд сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүрэгт тодорхой олон ажил хийж гүйцэтгэж байна. УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийх бүтээн байгуулалтын төсвийг улс болон нийслэлийн төсөвт суулгах чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж, өмнө нь сууж байгаагүй хэд дахин их хөрөнгө оруулалтыг батлуулсан.

Тухайлбал, тойрогт маань хамгийн томд тооцогдох цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжтэй болгож, иж бүрэн авто замууд, 12 байршилд ахмад болон хүүхдийн талбайн тохижилтууд зэрэг маш олон бүтээн байгуулалтууд хийгдсэн.

-2019 онд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийн дагуу бүтээн байгуулалтын санхүүжилт суугдахад анхаарч ажиллалаа. Жишээ нь насжилт өндөртэй орон сууцны байрны дээврийн их засвар, инженерийн шугам сүлжээний ажлууд, өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, гудамж, зам талбайн камержуулалт, цэцэрлэгийн барилга худалдан авах, цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хорооллын дундах авто зам зэрэг тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор улсын төсөвт нийт 22.3 тэрбум төгрөг суугдсан. Ер нь 2015 оныхоос 60 дахин их төсөв батлагдсан байгаа.

-Санаачилж, батлуулсан гол хуулиудынхаа талаар Та товч ярихгүй юү?

-Би нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд болон байгаль хамгааллын асуудалд түлхүү анхаарал хандуулж, энэ чиглэлийн ажлын хэсгүүд болон хуулийн төслүүд дээр ажиллаж ирлээ. УИХ-ын бусад гишүүдтэй хамтран таван хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлж, батлуулсан байгаа. Мөн гишүүний хувиар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд гишүүнээр ажиллаж, нийт 13 ажлын хэсэгт орж ажилласнаас гурван ажлын хэсгийг ахалсан.

Тодруулбал, биеийн тамир, спортын тухай хуулийн төслийг ахалсан. Энэ хуулийн гол онцлог зохицуулалт нь үндэсний спортын төрлүүдийг хуульд оруулсан явдал. Мөн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр фитнесст хичээллэх боломжтой болсон. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг одоо ахалж байгаа.

Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг ахалсан. Энэ ажлын хэсгийн ажлын үр дүнд МСҮТ-ийн оюутнууд сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болсон.

-Нэлээд олон ажлын хэсэгт орж ажилласан байна. Эмэгтэй гишүүний хувиар эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын асуудалд голчлон анхаардаг уу?

-Нийгмийн даатгал, халамж, боловсрол, багшийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэтгэврийн шинэчлэл, баяжуулсан хүнс, нийслэлийн эрх зүйн байдлын ажлын хэсгүүдэд ажлын хэсгийн гишүүний хувиар ажилласан. Мөн эмэгтэй гишүүний хувиар түлхүү их анхаарал хандуулж ажилладаг асуудал нь ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд залуучууд, тэдний нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудлууд байдаг тул санаачилж, өргөн мэдүүлсэн хуулиуд ч голдуу энэ чиглэлийнх байгаа.

Тухайлбал эмэгтэй гишүүд хамтран хүүхэд хамгааллын төсвийг 8 тэрбум болгосон. Хамгийн сүүлд гэхэд эмэгтэй гишүүдийнхээ хамт санаачилж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар 1990 оны шилжилтийн үед, тэтгэврийн тогтолцоо бүрдээгүй байсан үед олон хүүхэд төрүүлсэн эхчүүд өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, маш бага тэтгэвэр тогтоолгож байсан хэмээх 17 мянган эмэгтэйчүүдийн тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэхэд чиглэж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

x