Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүдээс Улс хооронд зорчих эрхийг хасаж, УАЗ 469 машинаар гар тээшийг ачуулахгүй болгосон"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Улс хооронд тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын “Эвийн үүд хамтын жолоо”, “Говийн жолоо”, “Далд хүн” ТББ-ын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

УАЗ 469 машинаас өөр машинаар тээвэр эрхлэхийг зөвшөөрдөггүй

Төлөөллүүдийн хэлж буйгаар “Замын-Үүд суманд 1992 оноос хойш авто тээврийн боомт нээгдэж, хүн зөөж, тээвэр эрхэлдэг УАЗ 469 авто машин явж эхэлжээ. Харин 2005 оноос БНХАУ-ын боомтоор орох тээврийн хэрэгслүүдэд шахалт орж эхлэн 2007 онд нөхцөл байдал нь хүндэрч тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд арга хэмжээ аван хэвийн нөхцөлд нь оруулсан.

Дахин 2015 онд БНХАУ-ын Эрээн хотын өвөр монголчууд тээвэр эрхлэгч нараас батлан даалт нэрийдлээр хууль бус татвар, татаас авдаг байсныг тухайн үедээ тээвэрчид нь тэмцэж, БНХАУ-ын Ардын засгийн газарт өргөх бичиг барьснаар таслан зогсоосон юм.

Гэвч 2018 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дахин шахалтад орсон.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн зорчих эрхийг нь хасаж, жолооч нарыг зодож, УАЗ 469 машинаар иргэдийн гар тээшийг ачих эрхгүй болгосон. Мөн Эрээн хотын байцаагчийн харилцаа ёс зүйн хувьд өндөр доголдолтой болж, өнгө үзэмжээр асуудлыг шийддэг.

Тиймээс Монгол Улсын иргэдийн эрх ашиг тэр дундаа амьдралаа авч яваа Замын-Үүд сумын жолооч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж, эцсийн шатанд хүрсэн тул олон нийтэд мэдээллэж, төр засаг нь ард түмнээ эргэж харахыг хүсэж байна.

Жолооч нар үйл ажиллагаагаа УАЗ 469 машинаар явуулдаг. Харин иргэдийн зүгээс хэлэхдээ өнгө үзэмжгүй, тухгүй гэж боддог. Гэхдээ бид өөр машин оруулах гэдэг боловч хоёр улсын хооронд хийсэн гэрээнд зөвхөн УАЗ 469 машинаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулна гэх заалт байдаг. Тиймээс өөр машинаар солихыг зөвшөөрдөггүй” хэмээн нөхцөл байдлаа илэрхийсэн юм.

Төрийн бус байгууллагуудын зүгээс Замын-Үүд сумын тээвэрчдийн дунд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийжээ. Уг судлагаанаас харахад 47 жолооч нэг тэрбум гаруй төгрөгийн банкны зээлтэй байгаа нь гарчээ.

Сумын ард иргэдийн амьдрал эрс доройтож, ажилгүйдэл нэмэгдэж байна

Замын-Үүд сумын ТББ-уудын төлөөлөл Г.Машбат “Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчид Монгол Улсын Засгийн газраас хоёр зүйлийг хүсэж байна.

  1. Хилийн боомт нэвтрэхэд дарамт шахалтгүйгээр зорчигчийнхоо ачаа тээшийг авч явахад туслах
  2. Ачааны зориулалтын хэсэгт зорчигчийн өргөн хэрэглээний ахуйн барааг тавиулдаг болгох

Нэг жолоочийн ард олон хүний асуудал яригдаж байгаа төдийгүй тус сумын ард иргэдийн амьдрал эрс доройтож, ажилгүйдэл нэмэгдэж байгаа тул Авто тээврийн үндэсний төв, Засгийн газар, Зам, тээвэр хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагууд анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна” гэв.