Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг хаагаагүй, түдгэлзүүлсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Д.Батбаяртай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Энэ талаар тодруулна уу. 

-Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн.

-Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Энэ талаар. Мөн "Жаст" групптэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баталгаа гаргаж Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. "Жаст" групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа тусдаа хэрэг.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргээр 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлсэн гэсэн. Мөн гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрсийг нь хэлнэ үү?

-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байна. Үүнээс зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа төслүүд дээр зарим хэргийг нь хаах санал гаргасан.  

Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бол үүнээс гурван гишүүнд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Прокуророор ажиллаж байсан Цэрэнсодномтой холбоотой асуудал юу болж байна вэ?

-Тухайн хүнтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсныг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-Дубайн гэрээ, Оюу толгойтой холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны тухайд нотлох баримт цуглуулахаас эхлээд өргөн хүрээнд ажилладаг. Олон нийтийн хүлээлт их байгаа учраас удааширч байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?

-Шалгагдаж байна.

-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй зарцуулагдсан бэ, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа их шаарддаг.

-Шалгалтын хугацаа ийм удаан байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гарахгүй юу?

-Одоо шалгагдаж буй хэргүүд хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа.

-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүн хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?

-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?

-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг танайхаас шалгаж байсан. Түүнийг хэзээнээс эхэлж шалгасан бэ?

-ТЕГ-ын даргатай холбоотой асуудлаар 2018 оны 12 дугаар сард нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоож ирүүлсэн.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд буюу өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт нийслэлийн Прокурорын газраас хэргийг татаж хянаад тухайн хэргийг шалгах харьяалал цагдаагийн байгууллага гэж тодорхойлон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.