Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сугалааны түүхэнд гурав дахь том хонжворын эзэн тодорчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын 44 муж улсад зохион байгуулагддаг Powerball хонжворт сугалааны ээлжит азтан өчигдөр ил гарч, шагналаа авчээ.

$768 саяыг хожсон азтан нь Уисконсин мужийн иргэн, 24 настай Мануэл Франко болсон байна. Түүнээс өмнө 2016 онд Powerball сугалаанаас $1.6 тэрбумын хонжворыг Калифорни, Флорида, Теннесийн иргэд хуваан хүртэхээр болсон нь АНУ-ын төдийгүй дэлхийн түүхэнд дээд амжилт болж байв.

Өнгөрсөн оны аравдугаар сард Mega Millions сугалаанаас Өмнөд Каролинагийн иргэн $1.5 тэрбумыг хожиж хоёрт бичигдэх амжилтыг үзүүлсэн юм. Харин Мануэл Франко Америкийн сугалааны түүхэнд бичигдэх гурав дахь том азтан болж байна.

Гуравдугаар сарын 27-ны өдөр хотын захын шатахуун түгээгүүрээс худалдаж авсан тасалбар нь түүнийг саятан болгожээ. Тохирлыг зарлах үед Франко өөрт байсан бүх тасалбарыг тулгаж үзсэн ч аз таараагүй байсан гэнэ.

Харин нэг тасалбар шалгагдалгүй өөр тасалбарын ард наалдаж үлдсэнийг сүүлд олжээ. Тасалбарын эхний хоёр орон таарч, цаашлаад үлдсэн гурван орон таарах үед галзуурсан мэт болж, зүрхний цохилт нь түргэсэн, хашхирч эхэлснээ Франко хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Азтан болсноосоо хоёр өдрийн дараа тэр ажил хийх ямар ч хүсэлгүй болсон тул ажлаасаа гарсан гэнэ. 

Одоо Франко мөнгө гуйж ирэх хүмүүст хэрхэн татгалзсан хариу өгөх талаар бэлдэж байгаа хэмээн хошигнон ярьжээ. Гэхдээ тэр хонжвороосоо буяны үйлсэд хандив өргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уисконсин мужийн хуулиар сугалаанд хожсон хүн нэрээ нууцлах боломжгүй байдаг аж.

Түүнд азын тасалбар зарсан шатахуун түгээгүүрийн газар журмын дагуу $100,000-ыг шагнал болгон авах юм байна.

Франкод одоо хоёр сонголт бий. Тэр бүх $768 саяа 29 жилийн хугацаанд тэнцүү хуваан авч болно. Эсвэл нэг дор бөөнд нь авах юм. Нэг дор авбал гар дээр нь $477 сая ирэх гэнэ.

Сугалаанд хожсон хүмүүс бараг бүгд нэг дор авахыг илүүд үздэг ажээ. Нэг дор хонжвороо авсан тохиолдолд Франко $38 саяыг татварт төлөхийг Уисконсин мужийн татварын алба тооцоолсон байна. Харин цувуулж авбал эхний жилээ $11 саяыг төлж, жил бүр төлсөн татвар нь 2048 онд нийтдээ $47 сая болж хуримтлагдах гэнэ.

 

Эх сурвалж: CBC News