2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S40
17°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S40
12°

Н.Учрал: Хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь гэр бүл салалттай тэмцэх нэг хэлбэр

ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
mpa.mn

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан, нөхцөл юу байв. Ямар үзэл баримтлалд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан бэ?

-Гэр бүл бол улсын үндэс юм. Харамсалтай нь өнөөдөр салалт маш их байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Түүнчлэн гэр бүл салалтаас үүдэн хүүхэд хохирч үлддэг нь тоо баримтаас харагдаж байна. Шүүхийн шийдвэрээр жилд 4000 орчим гэр бүл цуцлуулж, мянга хүрэхгүй тохиолдолд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэдэг байна. Үлдсэн 3,000 орчим салалтаас хүүхдийн тэтгэмж авч чаддаггүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулиар цуцлуулсан тохиолдолд 0-11 насны хүүхдэд амьжиргааны доод түвшний 50 хувиар буюу 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоодог.

Харин хүүхэд 11 наснаас дээш бол амьжиргааны түвшинтэй тэнцүү хэмжээний тэтгэмж тогтоодог заалттай. 2019 оны байдлаар өрх толгойлсон 72 мянган эх, 19.5 мянган эцэг байна.

Өнгөрсөн онд 4,200 гэр бул цуцлуулснаас ердөө дөрвөн хувь нь хүүхэдгүй байжээ. Түүнчлэн тэтгэмж төлж буй талуудын орлого их, багаас үл шалтгаалан амьжиргааны доод түвшнээр тэтгэмж тогтоодог. Тухайлбал, иргэн Бат жилд нэг тэрбум төгрөгийн орлоготой байлаа ч сард нэг сая төгрөг хүрэхгүй орлоготой Доржтой адилхан тэтгэмж төлж байна. Мөн монголчууд тэтгэмжийг салсан эхнэр, нөхөртөө өгч байна гэж ойлгодог. Гэтэл энэ бол хүүхдэдээ өгч буй том дэмжлэг шүү дээ. Хүүхдийг нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхээр хангагдахад нэмэр болох зүйл.

-Нийгэмд салалтыг энгийн үзэгдэл мэт хүлээн авдаг болсон энэ үед тэтгэлгийг эцэг эхийн орлоготой хамааруулж нэмэгдүүллээ гээд гэр бүл цуцлалт буурах уу?

-Тэтгэлэг өндөр учраас салалт арилна гэж шууд хэлэх боломжгүй л дээ. Гэхдээ энэ хууль батлагдвал нийгмийн сөрөг үзэгдлийг саармагжуулах том хүчин зүйл болно. Хууль боловсруулсан ажлын хэсэг олон талын судалгаа хийж, зарим өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулсан. Тухайлбал, орлогын болон хүүхдийн тооноос хамаарч тэтгэлэг тогтоох хувийг нэмэгдүүлж уян хатан зохицуулалт хийж өгсөн.

Мөн эцэг, эхийн амьдарч буй бүс нутаг дахь амьжиргааны доод түвшнээс бага орлоготой бол хүүхдийн нас, тоо харгалзахгүй амьжиргааны доод түвшний 50 хувиар буюу одоогийн зохицуулалтаар явна гэж тусгасан. Энэ бол “амьдралтай” зохицуулалт. Жишээлбэл, жилд 500 сая төгрөгийн орлого олж буй аав хоёр хүүхэдтэй байлаа гэж бодоход 20 хувь буюу 100 сая төгрөгийг хүүхдэдээ тэтгэлэг болгон өгнө. Яг өнөөгийн нөхцөлд бид хүүхдийн тэтгэлгийг ялгамжтай авч үзэхгүй бол шударга бус байдал бий болж байна. 

-Хөрөнгө орлого нь нийтэд ил байдаг төрийн алба хаагчдын хувьд энэ зохицуулалтаар явсан эсэхийг хянахад боломжтой байх. Харин хувийн хэвшлийнхэн, эсвэл ажилгүй иргэдэд тэтгэлэг өгөх хэмжээг зөв тогтоосныг хэрхэн мэдэх вэ?

-Гэр бүл цуцлалтыг шүүхээр шийддэг. Шүүх гаргасан нэхэмжлэлийн дагуу баримтуудыг нягталж, судалж үздэг. Тиймээс тодорхой заасан хуулийг үндэслэн, хүүхдийн тэтгэлэг шударгаар тогтоох нь шүүхийн үүрэг. Харин нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн болон төрийн үйлчилгээ, захиргааны албаны хүмүүс гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд жил бүр АТГ-д мэдүүлдэг ХОМ-ээс нь хараад, тэтгэлгийг зөв тогтоосон эсэхийг хянах боломжтой. Ингэж эдийн засгийн хөшүүрэг хийснээр хүүхдээ тэжээн тэтгэх, хариуцлагатай хандах соёл сууна. Түүнчлэн залуус гэр бүлээ төлөвлөдөг болно.

-Таны тойрогт амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд харьцангуй олон байдаг нь энэ хуулийг өөрчлөх нэг шалтгаан болсон уу?

-Дүүрэгт уулзалт хийх үед 2-3 хүүхдээ хөтөлсөн өрх толгойлсон ээжүүд ихэвчлэн ирж, бэрхшээл, зовлонгоо ярьдаг. Зөвхөн манай дүүрэгт гэлтгүй улс даяар гэр бүл салалт маш их байгааг дээр хэлсэн судалгаанаас харж болно. Яг үнэндээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нуруун дээр улс эх орны амьдрал явж байна шүү дээ. Энэ хуулиар ээжүүдийгээ дэмжиж, хариуцлагагүй эцгүүдийг хууль шүүхийн нэрээр хүүхдэдээ тэтгэмж өгдөг болгоно. 

-Гэр бүлд эцэг, эх хариуцлагатай хандахгүй гаж тогтолцоог юутай холбон тайлбарлах вэ?

-2016 онд Гэр бүл, хүүхэд залуучуудын газар байгуулсан боловч өнөөг хүртэл дорвитой ажиллаж чадахгүй байна. Хууль, эрх зүйн орчин бүрхэг учраас хичнээн агентлаг байгуулаад ч нэмэргүй л дээ. Нэг сонин үзэгдэл гэвэл Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарснаас хойш гэр бүл салалт өссөн. Бид гэр бүлийн асуудалд нарийн мэдрэмжтэй, цаг үедээ зохицсон бодлогоор хандахгүй бол муйхар аргаар зохицуулж болохгүй л дээ. Манайх шиг хөгжиж буй, хүн ам цөөнтэй, бараг тал хувь нь залуучуудаас бүрддэг орны хувьд гэр бүл төлөвлөлтийн асуудалд тохирсон хуулийн зохицуулалт зайлшгүй байх ёстой.

-Гэр бүл салалт, тэтгэлгийг хуулиар зохицуулахаас илүүтэй өмнө нь анхаарах нь илүү үр дүнтэй байх. Энэ талаар хэрэгжүүлэх боломжтой ямар ажил байна вэ?

-Боловсролын салбар гэр бүлийн асуудалд анхаарах ёстой. Хуучин гэр бүлийн хичээл гэж ордог байсан, одоо бол байхгүй. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн нандин харилцааны талаар, сэтгэлзүйн сургалт хичээлийн программд оруулмаар байна. Боловсролын хуульд эцэг эхчүүдийн оролцооны талаар мөн тусгана. Бид багш нарт л хүүхдүүдээ даатгаж орхиод, дараа нь сургуульд юу ч заасангүй гэж шүүмжилдэг.

Гэтэл Скандиновын орнуудад бага ангид эцэг эхчүүдийн зөвлөл, багш нарын зөвлөл гэж ажилладаг. Эцэг эхчүүд нь хичээлийн 30 хувийг нь ордог. Түүнчлэн эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх аргуудыг заадаг бүхэл бүтэн тогтолцоо нэвтрүүлчихсэн байдаг. Бид гэр  бүл рүүгээ хандаж хэр сайн ажиллахаар хамаарч энэ гажуудал багасна.

-Гадны улсуудад гэр бүл салалт харьцангуй бага хувийг эзэлдэг, мөн салсан ч эцэг, эхийн хариуцлага өндөр байдаг шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Хамгийн ойрын жишээ БНСУ-ыг харъя л даа. Киноноос нь харахад гэр бүлээс гадуурх харилцаа байдаг юм шиг, салж тараад байгаа мэтээр ойлгодог. Гэтэл БНСУ гэр бүл салалтын тоо бага орны эхний аравт явж байна. Тэнд Гэр бүлийн хуулиараа эхнэр, нөхөр хариуцлагаа хүлээж чаддаг, хоорондоо таарч тохирохгүй хэцүү байгаа ч гэр бүлийнхээ, хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээж байдаг учраас салалтыг урьтал болгодоггүй. Салсан хэдий ч хүүхдийнхээ өмнө эцэг, эх байх хариуцлагаа үүрдэг. 

Гэтэл манайд сэтгэл хөөрлөөр асуудалд хандаж, хоромхон зуурт амьдралаа шийдэж, хариуцлагын өмнө мөхөстдөг. Иймд эцэг эхчүүд хариуцлагаа нэмэгдүүлээсэй гэсэн уриалгыг Эмэгтэйчүүдийн холбооноос дэвшүүлсэн. Мөн фэйсбүүк орчинд ч хүмүүс салалт, түүнээс үүдэх хариуцлагаас зугтахын эсрэг байр сууриа илэрхийлсээр байна. Энэ нь нийгмийн анхаарал татсан сэдэв, нийгмийн зүгээс тулгамдаад байгаа учраас нэн даруй шийдэх хэрэгтэйг харуулж байна. 

Тэтгэлгийг нэмэгдүүлэх зохицуулалтыг Засгийн газраас өргөн барьсан гэр бүлийн тухай хуульд нийцүүлж тусгах, эсвэл бие даасан хууль болгон батлах эсэхийг хэлэлцүүлгийн явцад шийднэ. Энэ зохицуулалт бол засгаас төсөв мөнгө, орон тоо шаардахгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэхэд бэрхшээл болохгүй. 

Б.Баяр
 
 
 

 

x