Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ливийн генералтай утсаар ярьж, үйл ажиллагааг нь сайшаажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Даваа гарагт Ливийн генерал Халифа Хафтартай утсаар ярихдаа терроризмтай тэмцэж, Ливийн газрын тосны нөөцийг хамгаалж байгаа үйлдлийг нь сайшаан магтсан тухай  Цагаан ордны албан эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ.

Энэ үеэр Ливи улсыг тогтвортой, ардчилсан улс төрийн системд шилжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар удирдагчид санал солилцсон байна.

Ливийн зүүн бүс нутгийг захирч байгаа генерал Хафтар энэ сарын эхээр нийслэл Триполийг эзлэхээр цэргээ хөдөлгөсөн юм. Триполид НҮБ-ын дэмжлэгтэй Ливийн албан ёсны засгийн газар байрладаг.

Цагаан ордны мэдэгдэлд Трамп, Хафтар нар Триполи руу хийж буй байлдааны ажиллагааны талаар хэлэлцсэн тухай огт дурдаагүй байна.

Энэ бол АНУ-ын засаг захиргааны гадаад бодлого богино хугацаанд огцом эргэсэн тохиолдол юм.

Дөнгөж энэ сарын эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл гаргахдаа Ливийн нийслэл рүү хийж буй довтолгоог шүүмжилж, Хафтарт цэргээ татахыг уриалж байв.

“Триполийн эсрэг хийж буй байлдааны явцуу ажиллагаа нь энгийн ард иргэдийн амь нас, амьдралыг эрсдэлд оруулж, Ливийн гэрэлт ирээдүйг сүйтгэж байна” гэж тэр мэдэгдэж байжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр Ливийн нийслэлийн орчимд эхэлсэн байлдааны ажиллагаанд 213 хүн амь үрэгдэж, 1,000 гаруй хүн шархдаад байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага мэдээлж байна.

Трамп-Хафтарын утсаар харилцсан тухай Пентагоны тэргүүн Шанаханаас асуухад тэр “Ливийн хямралыг шийдэхэд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхийг бид дэмжихгүй байгаа. Харин терроризмтай тэмцэхэд гаргаж буй генерал Хафтарын зүтгэлийг дэмжиж байна. Бас Ливид тогтвортой байдал бий болгоход Хафтарын дэмжлэг бидэнд хэрэгтэй байгаа” гэж тайлбарлажээ.

Хафтар байлдааны ажиллагаа эхлүүлсний дараа Ливид терроризмтай тэмцэх зорилгоор байрлаж байсан АНУ-ын цөөн тооны цэрэг тус улсаас гарсан юм.

Анх Муаммар Каддафиг Ливийн дарангуйлагч болоход дэмжиж байсан Халифа Хафтар сүүлд АНУ-д 20 орчим жил цагаачлан амьдрахдаа иргэний харьяалалтай болсон байдаг.

Тэрээр 2011 онд эх орондоо эргэн ирж Каддафийн дэглэмийг унагах ажиллагаанд оролцсон ч сүүлдээ Ливийн шилжилтийн засгийн газартай зөрчилдөж, тус улсад иргэний дайн дэгдээж байжээ.

 

Эх сурвалж: CNN