Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Амралтын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 24м/с хүртэл ширүүснэ"

ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг: MPA.mn

Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн цаг үеийн байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1701830863296002/

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1.1 мянган га ой, 211.8 мянган га хээрийн талбай, нийт 212.9 га талбай шатсан.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1,590 гаруй иргэн, хоёр нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикл, 54 морьтойгоор ажилласан. 

Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгуулага, цагдаагийн байгуулага, дархан цаазат газар болон сум орон нутгаас нийт 294 хүн, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  

Ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглоно

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон. 

Нийт нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим тохиолдолд 24м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
 
Иймд иргэд, малчид, тариалнчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: 

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Ил задгай гал түлэхгүй  байх 
  • Асаасан гал, түүдэг, тамхи шүдэнзний галыг сайтар унтраах
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үел ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх 
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Түймэр унтраах шаардлагатай багаж, хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.