Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болов

ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
 

Туркменистан Улсын Ашхабад хотноо энэ сарын 18-ны өдөр Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. 

 Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, туркменистаны талаас Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев нар ахалж, Монгол, Туркменистаны хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Дэд сайд В.С.Хаджиев “Манай улсад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа нь харилцааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улс төр болон худалдаа, эдийн засгийн талбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Бид Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа нь үүний нэг нотолгоо юм.

Манай улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол Улсад 2015 онд айлчилсан. Мөн манай бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо бизнес форум зохион байгуулж байсан. Дараачийн ээлжинд Монгол Улсаас төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад айлчлал хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Мөн танай бизнес эрхлэгчид, түүний дотор мах экспортлогчдыг манай улсад ирж ажиллахыг урьж байна” гэв.

Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна
 

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гээд цаашид ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын сацуу хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистикийн чиглэлээр экспертүүдийг холбож, тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах нь зүйтэй” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн Туркменистан Улс төвийг сахих бодлого баримтлахын сацуу бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн талбарт олон чухал төсөл хэрэгжүүлж, мөн НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд эрчим хүч, ус, экологийн асуудлаар идэвхтэй санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дэд сайд В.С.Хаджиев дэлгэрэнгүй танилцуулжээ.

 
 

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам