Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн номын өдөрлөг” энэ сарын 22, 23-нд РЦНК-д болно

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх удаа дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласан билээ.

Ингэхдээ зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс тус өдрийг тохиолдуулан “Монголын хүүхдийн Зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын судалгааг хийгдэнэ
 
Гэрэл зургийг MPA.mn

“Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор өдөрлөг дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд /РЦНК/ зохион байгуулагдах юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Дэлхийн хүүхдийн номын зохиолчийн эрхийн өдрийг манай улс сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэдэг боллоо. Энэ жилийн номын баяр хүүхдүүд рүү чиглэснээрээ онцлогтой. Хүүхэд номонд дуртай болдог үе буюу 0-6 насанд байдаг ба хувь хүний төлөвшлийг бий болгох эхлэлийг тавьдаг үе гэж үздэг. Харамсалтай нь энэ насанд зориулсан үйл ажиллагаа манай улсад дутагдалтай байдаг. Тиймээс энэ дутагдлыг арилгах зорилготойгоор тус өдөрлөгийг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

 Мөн БНСУ-ын соёлын яамны дэргэдэх соёлын солилцооны хөтөлбөрийн албан төлөөлөгчид Монголын хүүхдийн номын сантай хамтран олон улсын стандартад нийцсэн “Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын судалгааг хийхээр манай улсад ирж байгааг хэлэхэд таатай байна" гэлээ.

МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй “Хүүхдийн ном, хэвлэл нь Монголын үнэт зүйлсийн нэг. Өдөрлөгийн үеэр хүүхдийн ном бүтээлийг туурвигч болон бусад холбогдох салбарынхан зөвлөлдөх гэж байгаад баяртай байна. Энэхүү өдөрлөгт бүгд оролцохыг урьж байна. Өдөрлөгийг зохион байгуулснаар хүүхдийн зохиолчид, хэвлэлийнхний хамтын ажиллагаа сайжирч, харилцан бие биеэ дэмжих, ивээн тэтгэх байгууллагууд бий болох, зохиолчид бүтээж буй номынхоо агуулга үр нөлөөнд анхаарч орчин үеийн ном бүтээх арга зүйд суралцах, үндэсний контент бий болох суурь тавигдах юм. 1990 оноос хойш хүүхдийн номын агуулгад хяналт тавьдаг байсан ч 1990 оноос хойш хяналт байхгүй болсон” гэв.

Өдөрлөгт хүүхдийн номыг дэмждэг багш, эцэг эхчүүд, байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиолч Б.Индра “Энэхүү өдөрлөгт хүүхдийн номыг дэмждэг багш, эцэг эхчүүд, байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хүүхдүүд бидэнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг нь ном гэж боддог. Тэгэхээр энэ өдөрлөг маш чухал” хэмээн хэллээ.