Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Японы талууд осолдсон нисэх онгоцны нууцыг алдахгүйн тулд тасралтгүй ажиллаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө Номхон далайд осолдсон F-35 сөнөөгч онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг Японы батлан хамгаалах яам мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр уг онгоц Аомори мужийн Мисава дахь агаарын баазаас сургуулилалтын нислэг үйлдэхээр хөөрөөд 135 км зайнд радараас алга болсон юм.

Одоогоор онгоцны сүүл хэсгийг далайн мандлаас олсон ч эх бие, бас нисгэгчийг нь олоогүй байна. Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний хоёр нисэх онгоц, нэг нисдэг тэрэг, хоёр усан онгоц 24 цагийн турш зогсолтгүй эрэн хайх ажиллагааг гүйцэтгэж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Мөн робот удирдлагатай шумбагчийг ашиглаж эхэлсэн байна.

Үүнээс гадна АНУ-ын цэргийн баазаас нэг нисэх онгоц, нэг усан онгоц эрлийн ажиллагаанд оролцож байгаа гэнэ.

Эрлийн ажиллагааны нөхцөл байдлыг ирэх Баасан гарагт Вашингтон хотноо АНУ, Японы талууд хэлэлцэхээр болжээ. Энэ уулзалтад хоёр орны гадаад хэргийн сайд нар оролцох мэдээтэй байна.

“F-35 бол зайлшгүй хамгаалах шаардлагатай нууц технологуудыг агуулсан онгоц юм. Тиймээс АНУ-ын тусламжтайгаар бид ослыг нарийвчлан шалгах ёстой” гэж Японы батлан хамгаалах яамны сайд Такеши Иваяа мэдэгджээ.

Орос, Хятад зэрэг гүрнүүд уг онгоцны өчүүхэн хэсгийг ч олж авах хүчтэй сонирхолтой байгааг олон улсын бодлого, аюулгүй байдлыг судалдаг Токиогийн J.F.Oberlin их сургуулийн профессор Акира Като баталж байна.

Токиогийн Такушоку их сургуулийн профессор Хидеши Такесада “Далайд Орос, Хятадын талууд онгоцны үлдэгдлийг олж авах нууц ажиллагаа явуулж байвал гайхах зүйл биш” хэмээн ярьжээ.

АНУ-ын Lockheed Martin компанийн бүтээгдэхүүн F-35 сөнөөгч онгоц нь радарт илрэхгүй нисэх тусгай технологиор бүтээгдсэн нь өрсөлдөгч улс орнуудын зэвсэг техникээс илүү гарах давуу тал болдог юм.

Япон улс уг онгоцоор батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэхээр эхний ээлжинд 12 ширхэгийг тус бүр $100 сая орчмын үнээр аваад байгаа.

Ирэх 10 жилийн хугацаанд Япон улс 105 ширхэг F-35 болон түүнтэй ижил түвшний байлдааны нисэх онгоцтой болохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж: AFP