Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Францын тэргүүн баячууд Дарь эхийн сүмийг сэргээн босгох үйлсэд $340 саяыг хандивлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн орой 800 гаруй жилийн түүхтэй Парисын алдарт Дарь эхийн сүм гал түймэрт шатаж, ихээхэн хохирол амссан билээ.

Сүмийг таван жилийн дотор сэргээн босгохоо Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр амлажээ. Франц даяар сэргээн босгох үйлсэд зориулсан хандивын аян өрнөж, 24 цагийн дотор нийтдээ $730 саяын хөрөнгийг томоохон компаниуд, бизнесмэнүүд амласан байна.

Үүний бараг талыг буюу $340 саяыг нь Францын баячуудын жагсаалтад нэг ба хоёрдугаарт ордог эрхмүүд амлажээ.

Форбс сэтгүүлийн мэдээлснээр $92 тэрбумын хөрөнгөтэй Бернард Арно Францын тэргүүн баянд тооцогддог бол $35 тэрбумын хөрөнгөтэй Франсуа Пино дэд баянд тооцогддог.

Арногийн тэргүүлдэг LVMH группт Louis Vuitton, Sephora зэрэг тансаг эдлэл, гоо сайхны бизнесүүд багтдаг юм. Харин Пиногийн удирддаг Kering групп алдарт Gucci брэндийг эзэмшдэг ажээ.

Энэ хоёр эрхмийг бизнесийн ширүүн өрсөлдөгчид гэдэг. Анх 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тэд Италийн домогт Gucci брэндийг авахаар хоёр жил гаруй хугацаанд өрсөлдөөд Арно дийлдэж, Пино нь түүний эзэмшлийн хувийг худалдан авч байжээ.

Тэр цагаас хойш Арно, Пино нар урлагийн салбарт мөн өрсөлдөж байсан гэдэг.

Өчигдөр тэд бас Дарь эхийн сүмийн сэргээн босголтод өгөх хандивын хэмжээгээрээ өрсөлдсөн байна. Эхлээд Пиногийн компани 100 сая евро буюу $113 сая орчмыг сэргээн босгох үйлсэд хандивлаж байгааг зарлажээ.

Үүнээс хэдхэн цагийн дараа Арногийн LVMH групп болон гэр бүл нь хоёр дахин их буюу 200 сая еврог ($226 сая) хандивлахаа амласан байна.

Тэдний хандивын хэмжээ нийлээд $340 сая орчим болж байна.

Францын бизнесийн томчуудаас L’Oreal-ийн өв залгамжлагч Беттенкурт-Мейерийн гэр бүл, газрын тосны аварга компани Total, Францын томоохон банк Credit Agricole бас их хэмжээний хандив өгөхөө амлажээ.

Мөн АНУ-ын Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук сүмийн сэргээн босгох үйлсэд мөнгө хандивлахаа амласан байна.

 

Эх сурвалж: Business Insider