Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээл амжилтын саад биш - #ӨөрӨөр түүхийн эзэдтэй танилц

ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN

-Аливаа амжилт заавал алдар нэр, эд хөрөнгө, маш том бахархал байх шаардлагагүй. Заримынх нь хувьд хувцсаа өмсөж чаддаг болох, бусадтай харилцаж сурах, бие дааж ариун цэврийн өрөөнд ордог болох нь том амжилт билээ-

 

Хүн бүхний сэтгэлд аливаа нэг түүх, амжилтын эзэн, анхдагч байх далд хүсэл нууцхан оршсоор байдаг. Мөрөөдөл, хүслийнхээ төлөө хэн илүү хичээж, хөдөлмөрлөж чадсан нь бусдаасаа түрүүлж амжилтад хүрч чаддаг. Бидний эргэн тойронд зорилго, мөрөөдлөө том, бага гэлтгүй биелүүлсээр яваа мянга мянган залуус бий. Тэдний төлөөлөл болгож боловсролын тусгай хэрэгцээтэй бөгөөд  бөгөөд суралцах, хөгжих боломж нь хангалттай биш байсан ч  хичээж зүтгэсээр зорьсондоо хүрсэн, , магадгүй хэн нэгний гурав, дөрөвхөн насандаа сурч, дадсан зүйлийг 18, 20 настайдаа сураад баярлан урамшиж буй энгийн атлаа гэгээн түүхүүдээс хүргэе. Хүн бүхний аливааг хийж бүтээх, суралцах, зорилгынхоо төлөө хичээх, амжилтад хүрэх цаг хугацаа хийгээд арга барил өөр өөр болохоос биш үр дүн бүхэн амжилт билээ.

Г.Урангоо: Зарим хүүхдийн хувьд хүнтэй мэндлэх нь маш энгийн зүйл байж болох ч энэ бол миний хувьд маш том амжилт

(Сурагч Г.Урангоо)

Анх түүнтэй уулзахад бүрэг, бишүүрхэнгүй мэт боловч ярилцаад хэдхэн минут болоход түүнийг ямар их урам зоригтой, шинэ зүйл сурахын төлөө эрмэлздэг, өөрийгөө ямагт дайчилдаг болохыг ярианаас нь, оч гэрэлтсэн харцнаас нь мэдэрч болно. Тэрбээр “Би төрөлхийн уруул тагнайн бэрхшээлтэй. Үүнээсээ болоод ярьж чадахгүй, бусадтай ойлголцохоосоо ичиж, ганцаардмал, одоогийнхоосоо хэд дахин өөртөө итгэлгүй байсан юм шиг санагддаг. Харин сургуульдаа, энэ ангидаа орсоноор өмнө нь маш дэмий зүйлд санаа зовж, ичиж, сурч болох байсан олон зүйлийг орхигдуулжээ гэж боддог болсон. Энэ сургуульд орохоосоо өмнө би өөрийгөө бусад хүүхдээс ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй, тэдэнтэй зэрэгцэж суралцаж чадахгүй гэж боддог байсан. Гэвч огт тийм биш гэдгийг өнгөрсөн хоёр жилд ойлгож, үеийнхнээсээ арай өөрөөр ч өөрийнхөө санаа бодлыг хүмүүст ойлгуулж чаддаг, бусдынхаа хийж байгаа зүйлсийг ч чаддаг юм байна гэдгээ мэдэрсэн. Анх би ангийнхантайгаа, багштайгаа мэндлэхээс ч ичдэг байсан бол одоо миний дуртай бөгөөд хамгийн чаддаг зүйл бусадтай сайхан мэндлэх. Зарим хүүхдийн хувьд хүнтэй мэндлэх нь маш энгийн зүйл байж болох ч энэ бол миний хувьд маш том амжилт. Яагаад гэвэл би өмнө нь хүн бүхнээс ичиж, гэрт хүн орж ирэхээр нуугддаг, нүүрээ буруулдаг байсан. Би том болоод загвар зохион бүтээгч болно гэж боддог” гэсэн юм.

Т.Бишрэлт: Миний салгалан барин арайхийж бичиж байгааг гайхсан, зарим нь бүүр  дуурайж шоолж, тохуурхаж байснаас болж сэтгэлээр унасан ч одоо би бүхнийг чаддаг болсон

(Т.Бишрэлт, 17 настай. УБ хот)

“Би хөдөлгөөний бэрхшээлтэй юм л даа. Үүнээсээ ичээд үеийнхнээсээ тусгаарлагдаж, хичээлээ  тасалсаар маш олон зүйлээр  хоцорсноо мэддэг. Аав, ээж минь намайг сургуульд оруулж өгсөн ч ангийнхны маань миний чадан ядан, салгалан барин арайхийж бичиж байгааг хараад гайхсан, зарим нь бүүр  дуурайж шоолж, тохуурхдаг байдлаас болж сургуулиа хаясан. Хэн ч надтай юм ярихгүй, найзлахгүй байгаад гомдож байсан. Юу ч хийхийг хүсэхгүй болж, зүгээр л уйлаад л хэвтээд байдаг өдөр, хоногууд надад байсан. Бас зураг зурах ч юм уу эсвэл хуруу, гар зүгшрүүлэх ямар нэг юм хийж эхлэхээр бүх бие янгинаад байх шиг болдог байлаа. Түүгээр нь шалтаглаж, эсэргүүцэл үзүүлж, уйлж, орилж,  хашхирна. Гэрийнхэн маань заримдаа ярилцсан юм шиг хоол, унд бэлдчихээд намайг зөнд нь орхичихно. Тэрийг хий, энийг хий гэж шаардахгүй зүгээр л хувь хувийнхаа юмыг хийцгээгээд завгүй байна. Надад өөрийнхөө тухай бодох, би юу хийж чадах билээ гэж эргэцүүлэх, ямар нэг зүйл оролдож эхлэхэд тэдний энэ байдал их нөлөөлсөн. Намайг хэн ч, юу ч хий гэж шаардахгүй, албадахгүй, зарим үе шиг уурлаж, уцаарлаж, загнахгүй өөртэй нь үлдээх нь илүү тайвшрах, илүү их юм бодох, чадах зүйлээ хийхгүй гэж зөрүүдлээд ээжийгээ уйлуулж, эгчийгээ зовоосноо ойлгох цаг хугацааг өгсөн шиг санагддаг. Нэг удаа ээж хөдөө ажлаар олон хоногоор явсан. Ээжийгээ зөндөө санаад, ирэхэд нь баярлуулах юмсан гэж бодсон. Шөнөжин “Юу хийвэл ээж баярлах бол” гэж бодож хоноод өглөө нь босонгуутаа цэцэг зурах гэж үзсэн. Хэдхэн сарын өмнө төвөггүйхэн зурдаг байсан зургаа уйлж, зөрүүдэлж хэвтсэнээсээ болж зурж чадахаа больсон байсан. Хэчнээн удаа зурах гэж оролдсон ч гар, хуруунууд эвлэж өгөхгүй байв. Тэгсэн ч би ээжийгээ баярлуулна гээд гүрийгээд л байсан. Хөлс бурзайж, бүх бие минь янгинаж байсан ч би хичээсээр байгаад орой болсон хойно арай гэж нэг цэцэг зурж дууссан. Гэсэн ч хангалтгүй санагдаад ахын авчирч өгсөн дүрс эвлүүлдэг тоглоомыг анх удаа эвлүүлж  тавилаа. Орныхоо ойр хавийг эмхэлж, цэгцэлж, цамц, өмдөө эвхлээ. Ээж баярлаж байгаа гэж жигтэйхэн, нулимсаа нууцхан арчаад л. Түүнээс хойш би ямар нэгэн зүйлийг зөвхөн өөрийнхөө төлөө биш, хэн нэгэнд зориулж хийвэл илүү үр дүнтэй юм байна гэж ойлгосон. Тэр явдлаас гурван сарын дараа хэн ч намайг албадаагүй байхад юм уншиж, маш олон зүйл хийдэг, тэр тусмаа өөрийгөө тусгаарлаж, ганцаардмал юм шиг эрхэлж, тунирхахаа больж, илүү нээлттэй болсон талаар гэрийнхэн маань хэлсэн. Эхлээд хамаатныхаа хүүхдүүдтэй найзалж, дараа тэдний найзуудтай нөхөрлөж, тэдэнтэй ярилцах, ямар нэг юм хийх, зүгээр л гадуур хамт явах гээд завгүй болж эхэлсэн. Тэр хэрээр зарим үед гар, хуруу, үе мөчөө өвчтэй гэдгийг ор тас мартдаг болсон. Одоо би маш олон зүйл хийж чадна. Зарим зүйлийг бусдаас бүр илүү ч хийдэг болсон. Эрүүл саруул хүмүүсээс ялгаатай зүйл нь аяга таваг угааж дуусах гэж би магадгүй маш удаж байхад хэн нэгэн хэдхэн секундэд л угаачихдаг. Хүмүүс ээждээ цэцэг бэлэглэхдээ таны мэдэж байгаа арга барилаар хоёр гараараа ч юм уу, нэг гараараа өгдөг бол би арай өөрөөр л өгдөг. Үр дүн нь ижил шүү дээ, ээж баярлана. Аливаа юмыг хийж байгаа цаг хугацаа, арга барил нь өөр ч үр дүн нь ижилхэн. Зарим үед илүү үр дүнтэй, сайн болсон байх ч тохиолдол бий” гэв. Хэдхэн жилийн өмнө уйлж унжихаас өөрийг мэддэггүй, гэрийнхээ аль нэг буланд шигддэг байсан Т.Бишрэлт хүү өдгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхэлж болох бизнес санаа, эхлэлээ хэрхэн тавих талаар сургалт, зөвлөгөө өгдөг төвтэй болохоор найзуудтайгаа хамт ажиллаж байна. 

18 настай хүү минь өмдөө өмсөж, өнгө ялгаж сурсандаа маш их баяртай байгаа

 

(Ховд аймгийн Насан туршийн боловсролын төвд суралцагч 18 настай, Н.Болд)

Энэ жил 18 нас хүрч байгаа Болд Ховд аймгийн төвд аав, ээжийнхээ хамт амьдардаг. Тэрбээр саажилттайгаасаа болж үе тэнгийнхэнтэйгээ тоглодоггүй, гэрээсээ гардаггүй, бие дааж хувцсаа өмсөж, гутлаа углаж ч чаддаггүй ээжийнхээ халамжид 17 жил амьдарсан байна. Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг олж илрүүлэн боловсролд тэгш хамруулах үеэр түүнийг тус аймгийн Насан туршийн боловсролын төвд суралцуулахаар болсон байна. Эхэндээ эцэг, эх нь төвөгшөөнгүй байсан ч хүүхдийнхээ ирээдүйг бодоод Насан туршийн боловсролын төвийн холимог бүлгийн бага ангид элсүүлсэн аж. Сургуульд хамрагдсан 18 настай хүү нь гуравхан сарын дараа тод өнгөнүүдийг ялгаж, заадаг болсоноос гадна үзэг, харандаагаа зөв барьж сурч, багшийн заасан зураас, татлагуудыг зөв зурахыг хичээж, өөрөө нусаа арчдаг болж, хичээлдээ гоё хувцастай явмаар байгаагаа илэрхийлж, тэр бүү хэл сургууль руугаа ганцаараа явахыг оролддог болсон байна. Хүүгийнхээ энэ өөрчлөлт, хүсэл тэмүүлэл, биеэ дааж байгаа байдлыг ээж нь “Хүү минь өдөр бүр хөөр баяртайгаар сургууль руугаа яаран явахыг харах, шинэ зүйл сурсаар байгаад, хамгийн гол нь биеэ дааж хувцсаа өөрөө өмсөхийг оролдож, ямар хувцас өмсмөөр байгаагаа илэрхийлдэг болсонд үнэхээр баяртай байна. Бид өмнө нь хүүтэйгээ хэрхэн ажиллах, түүнд ямар дэмжлэг үзүүлэхээ мэддэггүй байж. Хүүд минь төдийгүй манай гэр бүлд аз жаргал, шинэ хүсэл мөрөөдөл нэмсэн ийм сайхан   ажил хийж байгаад баярлаж байна” хэмээн ярьсныг Хүүхдийг Ивээх Сангийн боловсролын мэргэжилтэн Ц.Оюунтунгалаг бидэнд дамжуулсан билээ.

Б.Ням-Очир: Ослын улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болсон ч одоо бие даан хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна

 

(Б.Ням-Очир, 29 настай. Авто замын барилгын инженер)

Би IV курстээ орох жилдээ осолд орж хүзүү, нурууны гэмтэлтэй болж хөдөлгөөний бэрхшээлтэй болсон юм. Тухайн үед хэнээс ч дутахааргүй бие хаатай, гүйж харайхаас эхлээд бүх л зүйлийг оролддог, амьдралынхаа зорилгыг тодорхойлчихсон, юу ч байсан хамаагүй дайраад л орно гэх маш их хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй ид хийж бүтээдэг насан дээрээ ийм байдалд орчихоор амьдралын утга учир гэх зүйл нуран унадаг юм байна лээ. Үүнээс хойш бүтэн дөрвөн жилийн турш гэртээ байж, гэрийнхнийхээ асаргаанд амьдарч байлаа. Өрхийн нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэхэд нэг хүн нь зайлшгүй асрах хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр гэр бүлээс нэг хүн ажлын байраа алдаж байгаа юм. Үүнээс үүдээд тухайн гэр бүлийн санхүүгийн чадамж нь эрс муудахаас эхлээд янз бүрийн асуудал маш их тохиолдоно. Тэр үеэс л бие даан амьдрахаар шийдсэн юм.

Намайг Б.Ням-Очир гэдэг 29 настай. ШУТИС-ийг авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн. Одоо бол “Түгээмэл Хөгжил” төвд дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Сургуулиа төгссөнөөс хойш жилийн дараанаас ганцаараа бие даан амьдарч эхэлсэн. Ганцаараа амьдарна гэхээрээ бүх зүйлээ өөрөө хийж чадна гэсэн үг биш. Миний хувьд хүзүү, нурууны гэмтлээс болж мэдрэлийн тогтолцоо алдагдаж 10 хуруугаа өөрөө удирдаж чадахгүй болсон. Тэгэхээр хувцсаа өмсөх, гутлаа үдэх гэх мэтийн зүйлсийг хийхэд заавал хэн нэгний туслалцаа хэрэгтэй болдог. Үүнээс үүдээд ажлынхан маань намайг “Завгүй төсөл буюу хувийн туслахын үйлчилгээ” гэх шинээр хэрэгжүүлж байгаа төсөлдөө хамруулсан. Хувийн туслах гэдэг нь Монголд цоо шинээр бий болж буй ажлын байр бөгөөд миний хийж чадахгүй зүйлд дэмжлэг туслалцаа үзүүлэх буюу гарны минь оронд гар, хөлийн минь оронд хөл болж өгч байгаа залуус юм. Ийм хүн байхад ямар ч бэрхшээлтэй хүн байсан биеэ даагаад нийгэмд бусдын адил амьдарч чадах буюу хэн нэгнээс хараат бус байж асран хамгаалах хүнгүйгээр амьдрах нөхцөл бий болж байгаа гэсэн үг. Би энэ төслийн анхны оролцогч, ажил олгогч болоод биеэ даагаад өөрөө шийдвэр гаргаад, хариуцлагаа хүлээгээд яг л бусадтай адил амьдралаа өөрөө зохицуулаад явж байгаа нь миний амьдралд тохиолдсон хамгийн жаргалтай зүйлсийн нэг болж байна.

Бие даан амьдрах шийдвэр гаргахдаа эхлээд би өөртөө ч итгээгүй. Ээж маань намайг ингэж амьдрах ёстой гэдгийг мэдэж байсан ч “Миний хүү яаж чадах бол оо” гээд яг тусдаа гарах үед итгэж чадахгүй уйлж байсан юм. Нэг удаа ээж маань “Чиний цаашдын амьдралд ээж шиг чинь чамайг сайн асрах хүн олдохгүй шүү. Тиймээс миний хүү ээжийгээ байхгүй болох цагт биеэ даагаад, өөрийнхөө амьдралыг аваад явах чадвартай, гар хөлөөрөө хөдөлмөрлөж мөнгө олдоггүй юмаа гэхэд тархи, оюунаа ашиглаад амьдралаа аваад явчихдаг байх хэрэгтэй” гэж хэлэхэд нь урам зориг, хүч өгч одоогийн намайг бий болоход маш ихээр түлхэц болсон гэж боддог. Тэр үгнийх нь хүчээр эргэн сургуульдаа орж 1.5 жилээр үргэлжлүүлэн сурч төгсөөд удалгүй одоо ажиллаж байгаа байгууллагадаа ажиллан, хэн нэгэнд дараа бололгүй биеэ даагаад өөрийн амьдралаараа амьдран хийж, бүтээж болох бүхнээ хийгээд бусдаас илүү ч үгүй, дутуу зүйлгүй сайхан амьдарч байна даа.

“Аутизм” бол хөгжлийн бэрхшээл биш "хөгжлийн онцлог"

 

Миний хүү анх хэлд орохдоо дөрвөн өнгөний нэр хэлээд хэлд орж байсан юм. Хүүхэд хэлд орохдоо ганц хоёр үг дуугардаг ч гэсэн хоёр настай хүүхэд өнгийг тэгж хэлээд сурчихсан гэхээр онцгой санагдаж байлаа. Бас багаасаа л тоо болон үсгэнд их дуртай хүүхэд байсан. Иймэрхүү содон шинжүүд ер нь л их анзаарагдаад ирэхээр нь бид нар гоц ухаантай юм уу ч гэж боддог байлаа. Цэцэрлэгт ороод нэг л биш байгаа нь мэдэгдсэн. Олон хүүхдийн дунд найзалж чадахгүй, тоглохгүй, ганцаараа буланд бөмбөгөөр тоглоод л, дээшээ бөмбөгөө шидээд л хараад сууж байдаг хүүхэд  байсан сан. Хүүгийнхээ шинж тэмдгийн талаар  нэлээн  судалсны эцэст аутизмтай болохыг нь мэдсэн. Гэхдээ нөхөр бид хоёр тийм ч их цочирдоогүй ээ. Анхнаасаа нэг л болохгүй байсан зүйлийнхээ тайлбарыг авчихсан юм шиг бүх зүйл ойлгомжтой болж ирсэн.

Аутизмын онцлог шинж тэмдэг нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй, харилцааны бэрхшээлтэй байдгаас гадна нийгэмшил, орчиндоо өөрийгөө зохицуулах чадвар их дутагдсан байдаг. Хүү минь ч гэсэн бага байхдаа бусадтай харилцан яриа өрнүүлдэггүй, сэтгэл хөдлөл илэрхийлсэн бүтэн өгүүлбэр ч хэлж чаддаггүй байсан юм. Гэтэл нэг удаа манай дүү гэрт ирчихсэн хоол хийхэд тусалж байхдаа хутгаа нэг л эвгүй барьчихсаныг нь манай хүү хараад “Хүүе ээ, аниа та гараа зүслээ шүү дээ” гээд анх удаа л нэг тийм хүнд санаа зовсон дээрээс нь аюулыг олж харан тэрийгээ амаараа бүтэн өгүүлбэрээр илэрхийлж байсан нь их хөөрхөн санагдаж байж билээ. Тэр үед хүү маань зургаатай байсан шиг санагдаж байна.

Бас нэг онцлог байдаг нь нэг юмыг нэг  хэвд нь байлгах их дуртай. Эсрэгээрээ өөрчлөлт болон төлөвлөгөө өөрчлөгдөхөд их дургүй. Гэхдээ өөрт нь зорилго тавигдчихаар тууштай урагшлаад л байдаг юм. Тэр ч утгаараа миний хүүд хөгжим болон спорт их зохидог. Хүүгээ хоёр настай байхад нь хүүхдийн тоглоомон төгөлдөр хуур байдаг даа, долоон нооттой. Тэгээд би энийг нь До, энийг нь Ре гээд тухайн үедээ нэг л удаа хэлж өгөөд, дараа нь би нэг нот дарахад Си гээд, дахиад дарахад Ми гээд яг хэлж байсан. Бид нар их авьяастай юм байна даа гэж дэмжээд аав нь цахилгаан төгөлдөр хуур бэлэглэж байсан юм. Тэр хөгжим нь цаанаасаа 10 төрлийн аятай. Тэгсэн өөрөө сонсож байгаад бүгдийг нь сурчихсан байж билээ. Одоо бол багштай, найм дахь жилдээ хичээллэж байгаа. Төгөлдөр хуураас гадна ширээний теннис бас усанд сэлэлтээр хичээллэдэг. Хүүгээ нийгэмшиж чадахгүйдээ гээд гэрт нь байлгаад байхыг огт хүсээгүй юм. Харин ч онцлогт нь тааруулж илүү их хөгжүүлмээр.

Ингээд бодохоор эх хүнийхээ хувиар “Аутизм”-ыг  тодорхойлбол энэ нь хөгжлийн бэрхшээл биш "хөгжлийн онцлог" гэмээр. Хүүхэд бүрт чаддаг ч юм бий, чадахгүй ч юм бий. Үүнтэй л адилхан юм шиг санагдаж байна. Миний хүү мундаг төгөлдөр хуурч болохыг их хүсдэг. Хүүхэд болгон өөр. Суралцах арга барил нь ч өөр. Эцэг, эхчүүд өөрөөсөө шалтгаалах зүйлээ сайн хийгээд чадахаараа хүүхдээ ойлгож дэмжвэл дараа нь бид харамсахгүй шүү дээ. Ер нь ямар ч хөгжлийн бэрхшээлтэй байлаа хүүхдийнхээ тэрхүү онцлогийг хэрхэн харж, хүлээж авч байна гэдэг л их чухал. Гэхдээ нийгэм бас зөвөөр хандахгүй бол бид  хэчнээн хичээсэн ч энэ нь хааяа амаргүй. Тиймээс нийгэмдээ чиглэсэн болон эцэг эхчүүдээ дэмжих тэр зүйлсийг хийж хүмүүсийг зөвөөр хүлээн аваасай л гэж хүсдэг дээ.

Хүн бүхний хувьд амжилт өөр өөр гэдгийг дээрх бодит түүхүүд гэрчилнэ. Хамгийн чухал нь хүн бүхэнд сурч хөгжих, боловсрох, тавьсан зорилго, мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрэх боломж бий. 

Хүүхэд бүрийн суралцах хэрэгцээ, чадамжид нийцсэн, тэдний тэгш хүртээмж, оролцоог дэмжсэн, хүүхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг тэгш хамруулан сургах зарчим гэдэг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө Хүүхдийг Ивээх Сангаас “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг гурван жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн #ӨөрӨөр аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүмүүст эерэг, гэгээлэг мэдлэг мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн сурч, хөгжиж, ажиллаж, нийгэмдээ хувь нэмэр оруулж яваа сайн сайхан өөр өөр жишээнүүдийг түгээж байна.