Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн урт далавчтай онгоц анх удаа нисжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн урт далавчтай, хос их биетэй, зургаан хөдөлгүүрт аварга нисэх онгоц өчигдөр буюу Бямба гарагт анхны нислэгээ Калифорнид хийжээ.

Лос Анжелесаас хойд зүгт 100 гаруй километр зайтай цөлд оршдог нисэх буудлаас Stratolaunch нэртэй уг онгоцыг хөөргөсөн байна.

Онгоц агаарт хоёр цаг нисээд эргэж газарджээ. Энэхүү онгоцыг бүтээсэн Stratolaunch Systems компанийг Майкрософт компанийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен байгуулсан юм. Тэр өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан билээ.

“Пол Аллены мөрөөдөл миний нүдэн дээр биелж, шидэт шувуу хөөрөх гайхамшигт агшныг мэдрэх надад сайхан байлаа” гэж Stratolaunch Systems компанийн гүйцэтгэх захирал Жан Флоид хэвлэлийн хурал дээр ярьжээ.

Уг аварга онгоц нь тойрог замд хиймэл дагуулыг хямд зардлаар хөөргөх зорилготой бүтээгдсэн юм.

Онгоцны төв хэсэгт хиймэл дагуулыг тойрог замд оруулах гурван пуужин байрлуулах багтаамжтай. Газраас 10,000 метрийн өндөрт нисэж явахдаа эдгээр пуужингуудыг биенээсээ салгах бөгөөд пуужингууд өөрсийн хөдөлгүүрийг ажиллуулан цааш сансрын уудмыг зорих юм.

Ингэснээр хиймэл дагуул хөөргөхөд ердийн онгоцны нисэх буудал ашиглах боломжтой болно. Газраас пуужин хөөргөхөд цаг агаарын нөхцөл байдал, агаарын орон зайн ачаалал гээд олон зүйл нөлөөлдөг дутагдалтай.

Stratolaunch Systems анх 2011 онд байгуулагдахдаа өөрийн пуужин, пуужингийн хөдөлгүүрийг хамт зохион бүтээхээр төлөвлөж байв. Гэвч Пол Алленыг нас барсны дараа тус компани зөвхөн пуужинг агаараас хөөргөх нисэх онгоцны төсөл дээрээ төвлөрөх болсон юм.

Онгоцны далавчны урт нийтдээ 117 метр, хос их бие нь 72 метр урттай. Нийтдээ 590 тонн жинтэй ачааг тээвэрлэх даацтай юм.

Хамгийн урт далавчтай онгоцны өмнөх дээд амжилтыг АНУ-ын Hughes компанийн дэлхийн хоёрдугаар дайны үед бүтээсэн найман хөдөлгүүрт H4 Hercules онгоц эзэмшиж байв. Түүний далавчны нийт урт 97.5 метр байжээ.

Харин их биений уртаараа Оросын Антонов АН 225 ачааны онгоц (84 м) дэлхийд тэргүүлдэг. 

Эх сурвалж: Associated Press