Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

RSF: Ассанжийг шалгахдаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг Их Британид уриалж байна

ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эквадорын Засгийн газраас Wikilealks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид орогнол үзүүлэхээ зогсоож Их Британи дахь элчингээсээ хөөх болсноо 2019 оны 4 дүгээр сарын 11-нд зарлалаа. Жулиан Ассанж нь сүүлийн долоон жил орчим Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байсан юм. Түүнийг хөөгдмөгц 2012 онд батлан даалтаа зөрчсөнтэй нь холбогдуулж Их Британийн хууль сахиулах байгууллагаас мөрдөн шалгахаар үргэлжлүүлэн саатууллаа. 
 
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь Жулиан Ассанжийн хэргийг шалгахдаа дотоодын хууль болон олон улсын хүний эрхийн үүргийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээ, сэтгүүл зүй, тэр дундаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг илүүд үзэхийг Их Британийн засаг захиргаанд уриалж байна. Энэ ч утгаараа Ассанжийн сэтгүүл зүй төст үйл ажиллагааг хорих зорилготой байж болзошгүй тул түүнийг АНУ-д шилжүүлэх шаардлагыг биелүүлэхээс Их Британи ангид байх ёстой.
 
Энэ талаар RSF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Олон нийтийн тусын тулд Wikileaks сайтаар дамжуулж сэтгүүлчдийг мэдээллээр хангасных нь төлөө (АНУ-ын дипломат холбоосын талаарх гэх мэт мэдээлэл задруулсан) есөн жилийн дараа ч Ассанжийг үргэлжлүүлэн онилж буй явдал нь цэвэр залхаан цээрлүүлсэн үйлдэл юм. АНУ цаашид дээрх зорилгоо биелүүлэхийг зорьж байж магадгүй бөгөөд энэ нь сэтгүүлчид, шүгэлдэгчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн бусад эх сурвалжуудын эсрэг аюултай жишгийг тогтоож болзошгүй байна. Тиймээс Ассанжийг шилжүүлж авахтай холбоотой АНУ-ын ямар ч шаардлагын эсрэг Их Британи нь үндсэн зарчмаа баримталж, түүний сэтгүүл зүйн салбарт үзүүлсэн хувь нэмэртэй уялдах дотоодын хууль тогтоомж болон Европын хуулийн дагуу аюулгүй байдлыг нь хангах ёстой” гэлээ.
 
Жулиан Ассанж нь 2012 оны 6 дугаар сараас хойш буюу Их Британийн шүүхээс түүнийг Шведэд шилжүүлэн өгөх шаардлагыг хүлээн авснаас хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байв. Швед улс нь түүний нэр холбогдсон хүчингийн хэргийн мөрдлөгөө 2017 онд хэрэгсэхгүй болгосон билээ.
 
Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан 2018 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Их Британи 40 дүгээрт, АНУ 45 дугаарт тус эрэмбэлэгдсэн билээ.
 

 

Эх сурвалж: Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага