Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уушгины судасны бөглөрөлт өвчний талаар Өвөр Монголын "Баоган" эмнэлгээс туршлага судалж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өвөр Монголын зөвлөх төв "Баоган" эмнэлэг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд "Уушгины тромбо эмболийн эрсдэлт хүчин зүйлс ба эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэлт" сэдэвт сургалт өчигдөр зохион байгуулагдлаа.

Архаг тамхидалт, агаарын бохирдол ихтэйгээс шалтгаалан уушгины тромбо эмболи буюу уушгины судасны бөглөрөлт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг байна.
 

"Баоган" эмнэлгийн Уушги, эрчимт эмчилгээний тасгийн туслах эрхлэгч Ван Хүэй “Манай тасгийн хувьд амьсгалын замын өвчлөл, уушгины болон эрчимт эмчилгээний тасаг хамтаар үйл ажиллагаа явуулдаг Хятадын анхны тасаг юм. Анхдагч гэдгээс гадна эмчилгээний чанараа өндрөөр үнэлүүлж, шагнал авсан.

Уушгины судасны бөглөрөлт өвчний талаар Хятад улсад 2016-2018 онд хийгдсэн судалгаагаар өвчний тохиолдол нэмэгдсэн хэдий ч нас баралтын тоо буурсан нь харагдаж байгаа. Үүнийг бид эмчилгээний арга барил үр дүнтэй байгаагийн илрэл гэж харж байна.

Тиймээс эмчилгээний талаарх мэдээллээ Монголын уушгины эмч нартай хуваалцаж байгаадаа таатай байна” хэмээсэн юм.

"Баоган" эмнэлгийн Уушги, эрчимт эмчилгээний тасгийн хувьд уушгины судасны бөглөрөлт төдийгүй хавдрын үеийн эмчилгээ, уушги шилжүүлэн суулгах чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

"Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн уушгины эмч Н.Нарьяа "Агаарын бохирдол, таргалалт, тамхидалт, цусан дахь өөх тосны солилцооны өөрчлөлт зүрх судасны өөрчлөлт болон уушгины архаг бөглөрөлт өвчин, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг хүмүүст болон гэмтлийн дараа тромбо эмболи буюу уушгины судасны бөглөрөлт өвчин үүсэж болно.

Энэ өвчний тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд оношлоход түвэгтэй. Өвчтөнд амьсгаадах, хавагнах, цээж шуугих, ханиалгах шинж тэмдгүүд илрээд яваад байдаг учраас эмч нар зүрхний өвчлөл, уушгины бөглөрөлт өвчинтэй андуурах, хугацаа алдах нь элбэг байна. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа хүнд нарийн шинжилгээ тодосгогчтой CT болон цусны нарийн шинжилгээ хийж богино хугацаанд цаг алдахгүй онош тогтоох боломжтой.

Нэгэнт уушгины судасны бөглөрөлт өвчин үүссэн бол хугацаа алдалгүй яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол эдгэрэхгүй, цаашлаад өөр эрхтэнд судасны бөглөрөл үүсгэх эрсдэл дагуулдаг. Тэгэхээр орчин үед энэ өвчнийг хэрхэн оношилж, эмчилгээний ямар тактик хэрэглэж байгаа талаар сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ өвчний хувьд оношлоход түвэгтэйгээс гадна эмчилгээний үргэлжлэх хугацаа урт, өртөг өндөр байдаг учраас эрсдэлт хүчин зүйлсэд үндэслэн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна Уушгины хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээний асуудлыг ярилцаж байна.

Хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны дараагийн гурван жилийн төлөвлөгөө гарчихсан, ажил хийгдээд эхэлсэн. Энэ дагуу сургалт, хамтарсан семинар тогтмол зохион байгуулж, "Баоган" эмнэлгийн нэрэмжит уушгины эмчилгээний өрөө нээхээр төлөвлөж байна” хэмээв.

 

Үргэлжлүүлэн "Баоган" эмнэлгийн Хавдрын тасгийн эрхлэгч Гэн Чюн Лин уушгины хавдрын үеийн эмчилгээний талаар сургалт мөн зохион байгуулсан юм.

Түүнчлэн "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүгээс уушгины хүнд өвчтэй, Монголд оношлогдох боломжгүй хүмүүсийн материалыг цуглуулж, "Баоган" эмнэлгийн эмч нартай хамтарсан үзлэг хийхээр төлөвлөжээ.