Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Арнауд Суарат: Гэрээ хэлцэл бол бизнесийн суурь юм

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Чили улсын Сантьяго хотноо өнгөрсөн Даваа, Мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд Дэлхийн зэсийн хурал болж өндөрлөлөө. Энэ хурлын хоёр дахь өдөр буюу Пүрэв гарагт Монголын цагаар 22:30 цагт “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “XXI зуунд уул уурхайн гүйцэтгэх чухал үүрэг” хэмээх илтгэл тавьсан юм. 

Тэрбээр илтгэлдээ төсөл хэрэгжүүлэгчид гэрээ хэлэлцээрээ хүндэтгэж, хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой байх нөхцөлийг хангах нь чухал болохыг дурдаад

Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар хувьцаа эзэмшигчид 12 тэрбум долларын хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Гэрээ хэлцэл бол бизнесийн суурь юм. Энэ гэрээ хэлцэлгүйгээр бизнес явахгүй, бид төсөл хэрэгжүүлэх боломжгүй болно” хэмээн хэлсэн байна.

Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээг бид цуцлахгүй ээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-д хүргүүлээд буй. Уг санал дүгнэлтэд “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” хэмээн Ажлын хэсгийн 12 гишүүний найм нь гарын үсгээ зурчихаад буй.

Тэгвэл энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр Монголын үндэсний телевизэд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Шалгаж тодруулах, цаашдаа хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэх, зарим нэг буруу зүйлүүд байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ үүнийг ухаантай шийдэх ёстой. Засгийн газрын зүгээс Оюутолгойн гэрээн дээр тулгуурлаж, цаашдаа төслийг олон улсын түвшинд нь амжилттай хийж хэрэгжүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг оновчтой шахаж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой гэж бодож байгаа.

Олон улс Монгол Улсыг харж, ажиглаж байгаа. Цаашлаад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эсэх нь энэ төслөөс шууд шалтгаална. Тиймээс Оюутолгойн гэрээг бид цуцлахгүй ээ. Ялангуяа, уул уурхай дээр суурилсан ийм эмзэг эдийн засагтай манай улсын хувьд энэ том төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд засаж залруулах, хоорондоо ярилцаж, ширээний ард сууж, зөв алхмуудыг хийж, бие биенээ дэмжсэн байдлаар яваасай гэж бодож байгаа. Засгийн газрын байр суурь ч мөн ийм байгаа" гэжээ.

“Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суаратын илтгэлээс Монгол Улсад хэрэгжиж буй төсөлтэй холбоотой хэсгийг сийрүүлбэл:

“Oюу толгой” төслийн дараагийн гол үе шат бол үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх гүний уурхайн бүтээн байгуулалт. 

5.3 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөлд тулгарч байгаа сорилт нь хөрсний хүнд нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удаашраад буй явдал

“Оюу толгой” төсөл хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэнэ бий болгож, нийгэмд томоохон өөрчлөлт авирч буй гайхалтай жишээ гэж би үздэг. ОТ төслийн нийт ажилчдын 93 хувь нь монголчууд, нийт бараа, үйлчилгээнийхээ 80 хувийг дотоодын 900 гаруй компаниас худалдан авч байна. Бидний хамгийн гол анхаарал хандуулж буй зүйл нь боловсрол. ОТ төсөл техникийн ажилтан, уул уурхайн шинжээчдийн нэгэн шинэ үеийг бэлтгэж байгаа бөгөөд монгол хүмүүст мэдлэг, чадварт суурилсан үнэ цэнэ бий болгохоор ажиллаж буй. 

Монгол Улсын хувьд байгалийн нөөцөө баялаг болгон эхэлж байгаа орон. Чили улс байгалийн нөөцөө ашиглан орчин үеийн, чинээлэг, тогтвортой нийгмийг бий болгож чадсан. Нийгэмд баялгаа ашиглан үнэ цэнэ бүтээх боломж байдаг гэдгийг Чили улс баталсан. Энэ улс Засгийн газар, бизнес эрхлэгч, олон нийт хамтарснаар тогтвортой үнэ цэнийг бий болгодгийг харуулсан. 

Хэдийгээр Чили улс байгалийн баялгаараа өнөөдөр дэлхийд танигдсан ч үргэлж ийм байгаагүй. 100 жилийн өмнө Чили улс жилдээ 30,000 тонн зэс л үйлдювэрлэдэг байсан бол өдгөө ийм хэмжээний зэсийг хоёр жил тутам үйлдвэрлэж байгаа. Юу өөрчлөгдсөн гэхээр технологи тоглоомын дүрмийг өөрчилсөн. Хамгийн гол нь эдийн засгийн зөв бодлого болон хувийн компаниудын эрх ашгийн төлөө хийсэн шинэчлэл нь баялгаас олсон ашгаа бусад салбарт дахин хөрөнгө оруулж, эдийн засгаа төрөлжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. 

Чили улсын зэсийн үйлдвэрлэл өсөж байгаа ч эдийн засаг нь өдгөө энэ эрдсээс хамааралгүй болжээ. Эдийн засгаа төрөлжүүлж, хүчирхэгжүүлж чадсан Чили улс аж үйлдвэрийн IV хувьсгалд тэргүүлж байна. Энэ улсын эдийн засгийг өсөлтийг тэнгэр л хязгаарлах байх. Чили одоо илүү том зүйлд анхаарч, дэлхийн сансар судлалын төв болохоор зорин ажиллаж байна. 

Тус улсын жишээнээс харахад:

Байгалийн арвин нөөцтэй байх нь тухайн улс эдийн засгийн хөгжилд хүрэхэд давуу тал болно. Гэхдээ гадны хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байж гэмээ нь тэр баялаг нөөц маш хүчирхэг үнэ цэнэ болж чаддаг. Үүний тулд зохицуулалт нь тодорхой, шүүх засаглал хараат бус байх хэрэгтэй. Ялангуяа, гэрээ хэлцэл, гэрээний үүргээ хүндэтгэж, хөрөнгө оруулалт урт удаан хугацаанд тогтвортой байх нөхцөлөөр хангах нь чухал. 

“Оюутолгой”-н хувьд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар хувьцаа эзэмшигчид 12 тэрбум долларын хөрөнгө оруулах боломж бүрдсэн.  Гэрээ хэлцэл бол бизнесийн суурь юм. Энэ гэрээ хэлцэлгүйгээр бизнес явахгүй, бид төсөл хэрэгжүүлэх боломжгүй болно.

Чили улс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлснээр бүх талд өгөөжөө өгч байна. Байгалийн баялагтай Монгол Улс ч, бусад орон ч энэ жишээнээс үлгэрлэх боломжтой гэжээ.

“Оюу толгой” компани УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм.