Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэн сурвалжилж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN

Цагдаагийн Ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/269882843950963/

Оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 9,905 гэмт хэрэг бүртгэгдсэний 6,666 нь Улаанбаатар хотод , 3,209 нь орон нутагт үйлдэгдсэн судалгаа гаржээ. 

Нийслэлийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харицуулахад гэмт хэрэг 16.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгч байна. 

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж “Эхний гурван сарын байдлаар нийтийн байр, ААН байгууллагатай байгуулсан гурвалсан гэрээ, ломбард гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийтийн байр түрээслэн амьдардаг. Шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 649 ААН байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 195, ямар нэгэн зөвшөөрөлгүй 454 ААН, байгууллага байна.

Мөн уг шалгалтын явцад цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоосон

Түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг нэг болон дөрөвдүгээр улиралд ихсэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор 2019 хэсэгчилсэн арга хэмжээг бусад нэгжүүдтэйгээ хамтран зохион байгуулж байна.

Үүний дүнд дээрмийн хэрэг үйлдээд гадуур шалгагдаж байгаа 17-35 насны 143 иргэнд хуулийг таниулах, давтан гэмт хэрэг үйлдэхгүй байх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авсан. Дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажилласны дүнд 21 этгээдийг баривчилж, 76 гэмт хэргийг илрүүлээд байна” гэлээ. 

Харин халаасны хулгайн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, хурандаа Э.Бат-Эрдэнэ “Нэгдүгээр улиралын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар буурсан. Гэмт хэрэг 49 хувиар буурсан. Олон талд ажил, арга хэмжээний дүнд ингэж буурсан гэж дүгнэж байгаа.

 
Гэмт этгээдүүдээс хураан авсан хулгайлагдсан гар утаснууд

Тухайлбал, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон тул нийтийн тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон “Улаанбаатар смарт карт” компани, ННТГ-тай хамтран уулзалт зохион байгуулсан.

Уулзалтын дүнд энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтийн тээвэрт явж байгаа бүх автобусыг камержуулахаар болсон.

Мөн эмнэлэгүүд дээр гарч байгаа халаасны хулгайг бууруулах зорилгоор Хавдар судлалын үндэсний төв, ЭНЭМҮТ-тэй хамтраад “Аюулгүй бүс” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд ЭНЭМҮТ-д 32 камер, ХСҮТ-д 96 камер суурилуулах бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.