Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"360 мянган хүнээс ирсэн саналууд дотор 70-аас дээш хувьтай дэмжигдсэнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж байгаа"

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон гишүүд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн хурлаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эхний асуудал Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудал байсан бол дараагийнх нь боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019 оны хөрөнгө оруулалтын явц, үр дүнгийн талаар байсан байна.

Д.Лүндээжанцан: Үндсэн хууль дээр 7, 8 зүйлд л өөрчлөлт орно
 
Гэрэл зургийг mpa.mn

Бүлгийн даргын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулж байгааг хэлсэн бол үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорхой мэдээллүүд өглөө.

Тэрбээр "360 мянган хүнээс ирсэн саналууд дотор 70-аас дээш хувьтай дэмжигдсэн саналуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж байгаа. Үндсэндээ 7, 8 зүйлд өөрчлөлт орно. Энэ 1998 орсон дордуулсан долоо гээд байдаг асуудлуудыг залруулах заалтууд байгаа. Үүнд давхар дээлийг хориглох, Засгийн газрыг тогтвортой байлгах, Хөгжлийн төсөвтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн тухай гэх мэт өөрчлөлтүүд багтаж байгаа.

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, чиглэл өгөх хоёр эрхийг хэвээр үлдээж, шүүх эрх мэдэлтэй хутгалддагийг хязгаарлаж байгаа. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах заалтууд орж байгаа нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа мэт харагдаж байгаа ч УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд явна.

УИХ-ын сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтоох заалт орсон.

Хэлэлцүүлгийн явцад шинэ заалт орж ирэхгүй. Харин хасах, засах асуудал яригдана. Хэлэлцүүлэг үргэлжилж, иргэдээс санал авах үйл явц үргэлжилсээр байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр олон түмнээсээ санал авахад түлхүү анхаарсан. Долоо хэмжиж, нэг огтол гэх зарчмыг баримталж ажиллаж байна" хэмээв.

Өнөөдрийн бүлгийн хурлаар орлогч прокуроруудын асуудлыг хэлэлцээгүй

Боловсрол, соёл, спортын салбарын 2018 оны хөрөнгө оруулалтын ажил тааруухан байсан учраас 2019 оны хөрөнгө оруулалтын зарцуулалтыг эртнээс хэлэлцэж байгааг бүлгийн дарга тайлбарлалаа.

Энэ чиглэлээр нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалт удаашралтай байдаг нь ихэвчлэн газар чөлөөлөлттэй холбоотой байдаг.
 
Өнөөдрийн бүлгийн хурлаар орлогч прокуроруудын асуудлыг хэлэлцээгүй. Энэ асуудал чуулганаар орохоос өмнө бүлэг байр сууриа нэгтгэнэ гэлээ.