Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүрэлбаатар: Чингис хааны онгоныг ард олны хандиваар босгохоор болоод байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулагдах Чингис хаан цогцолборын бүтээн байгуулалтын төсөл өнгөрсөн жилийн зургаадугаар сард танилцуулагдаад байсан билээ.

Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан "Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо" ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар "Дэлхийн олон улс орнууд Чингис хааны онгон манай улсад байна гэсээр эрж хайдаг болоод удаж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд Монгол Улсад Чингис хааны онгоныг 800 жилийн өмнө оршуулсан онгоны бодит мэт харагдуулах цогцолбор, хувилбарыг бүтээх төслийг гарган ажиллаж байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд бичигдсэн агуу хүн юм. Гэтэл манай улсын төр засгийн зарим албан тушаалтнууд хуурамч цогцолбор, бүтээн байгуулалт байгуулж мөнгө олох нэг арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны нэрийг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ажиллаж байгаа юм.

Аливаа зүйлийг хуурч, мэхэлдэг зүйлээс татгалзмаар байна. Тийм учраас Чингис хааны онгоныг байх ёстой ном, журам ёсоор нь бүтээж, залах ажлыг эхлүүлмээр байна. Энэхүү төслийн ажлыг УИХ-ын зарим гишүүдэд танилцуулж, хөрөнгө оруулалт хүссэн ч татгалзсан хариу өгөхийн зэрэгцээ намайг онгоны талаар мэдээллээ бидэнд өгөхийг шаардаж, дарамталж байсан.

Тийм учраас би эрх мэдэлтэй хүнээс хөрөнгө оруулалт хүсэлгүйгээр ард олны хандиваар босгохоор болоод байна" хэмээлээ.