Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан намын дээд шагнал “Чингисийн одон”-гоор НИТХ-ын Төлөөлөгч П.Батчимэг шагнагдлаа

ikon.mn
2019 оны 4 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-г Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Пүрэвийн Батчимэгт гардууллаа.

П.Батчимэг нь Хан-Уул дүүргээс НИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан ажиллаж байгаа юм. Мөн ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан зүтгэхийн зэрэгцээ намын гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болон ажиллаж байгааг нь үнэлэн ийнхүү шагнасан юм.

Тэрбээр “Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр иргэд сонгогчдын маань дэмжлэг, ардчиллын төлөө тууштай байж хамтдаа зүтгэж ирсэн үе үеийн гишүүд, дэмжигчдийн маань хамтын шагнал Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагнагдаж байгаадаа маш их баяртай байна. Миний бие улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ төлөө энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээн байгуулахын төлөө ажиллах болно. Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн тулгуур бодлогыг хөгжүүлэх, эхчүүд, эмэгтэйчүүд, бага насны охидын хүчирхийлэлд анхаарлаа хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой нь болж, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодлогыг тууштай дэмжин ажиллах болно” гэв.

Ардчилсан нам хөгжлийн шинэ үед шилжиж, бодлогод суурилсан, хүний хөгжил, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулж, бодит ажил хэрэг болгохын төлөө хамтдаа ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ардчилал, шударга ёс, хүний эрх эрх чөлөөг тууштай дэмжиж, дуу хоолой нь болсон ахмад гишүүд, намын үе үеийн гишүүд, эмэгтэйчүүд, залуучууд болон Хан-Уул дүүргийн иргэд сонгогчиддоо баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.