Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын дугуйн холбоо ЭМГЭНЭЛ илэрхийлэв

ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
 

Монгол Улсын Гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиолоо. 

Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрбээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүний спортын төлөө гэсэн чин сэтгэл, тамирчны өндөр ур чадвар, залуу хойч үеэ бэлтгэн дасгалжуулсан хөдөлмөр зүтгэл, хувь хүнийх нь зан чанарыг спортынхон төдийгүй спорт сонирхогчид, Монголын ард түмэн хүндлэн хайрлаж ирсэн билээ.

МУГТ Ж.Өлзий-Орших нь Монголын дугуйн спортын гялалзсан тамирчин байсны зэрэгцээ чадварлаг дасгалжуулагч, мөн Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сайн менежер юм. Дугуй хэмээх их спортын төрөлд түүний үзүүлсэн амжилт, замналаас дурдвал, 
-1967 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1983 оноос Биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэгт Н.Нармандах багшийн удирдлагад анх дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. 1986-1998 он хүртэл "Хөдөлмөр" нийгэмлэгийн тамирчин, 1986-1996 он хүртэл Үндэсний шигшээ багийн гишүүн болж, 1996 онд шигшээ баг татан буугдах хүртэл Гавьяат дасгалжуулагч н.Чанцалын удирдлага дор хичээллэжээ. 

1996 онд бүх шигшээ багийг татан буулгасны дараа тэрээр 1998 оноос Монголын авто замын салбарын дэргэдэх “Авто зам” клубын тамирчин болж, 2008 он хүртэл тус клубт харьяалагдан, бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээн, уралдаанд оролцож байлаа. Харин 2008 оноос тамирчны хувиар зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. 

1984-2008 он хүртэлх хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа, мөн Бүх ард түмний спартакиадад олон удаа аварга болж  түрүүлсэн. Мөн Монгол Улсын рекорд амжилтыг нийт 8 удаа шинэчлэн тогтоосон. 
Дэлхийн аварга шалгаруулах B зэрэглэлийн тэмцээний анхны мөнгө, хүрэл медальтан тэрбээр Монголоос анх удаа Олон улсын "Discovery Chanel Marco Polo” дугуйн багт уригдсан тамирчин байв. 1999 онд Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн 100 км-ын уралдаанд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, “Барселон-1992” олимпийн наадамд амжилттай оролцож байлаа. 

1985-1988 онд Эрхүү-Улаанбаатарын чиглэлд болдог Найрамдлын уралдаанд багийн дүнгээр II, хувийн дүнгээр III байрт шалгарч байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 10-аад удаа, Азийн спортын их наадамд зургаан удаа, бусад олон улсын чанартай уралдаануудад нийт 30-аад удаа эх орноо төлөөлөн уралдаж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байснаас гадна МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын хошой тэргүүн шагналтан юм. 
Талийгаачийн улс эх орныхоо спортын салбарын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан их хөдөлмөр, шулуун шударга, дайчин чанар, дотно нөхөрсөг зан төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 
Ум сайн амгалан болтугай. 

 

МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ