Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй гэр бүл салах гэрээ байгуулагдахад бэлэн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян эрхэм Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос 25 жил ханилсан эхнэрээсээ салж байгааг нэгдүгээр сард зарлаж байв.

Тэд дөрвөн хүүхэдтэй. Тэгвэл тэдний гэр бүлээ салгах гэрээ хэлэлцээр амжилттай дууссан тухай хосууд өчигдөр мэдээлжээ. Гэрээ ёсоор Жэф Безос Амазон компанид эзэмшдэг хувьцааныхаа 25 хувийг эхнэр Маккензи Безост шилжүүлэхээр болсон байна.

Гэхдээ шилжүүлсэн хувьцааны саналын эрх нь Жэф Безост хэвээр хадгалагдаж үлдэхээр болжээ.

Харин Безосын бусад бизнесүүд болох The Washington Post сонин, Blue Origin сансрын аялалын компанийн эзэмшил хуваагдалгүй хэвээр үлдэх юм байна.

Жэф Безос нь Амазон компанийн 16 хувийг эзэмшдэг байсан бол одоо 12 хувьтай үлдэж, эхнэр Маккензи нь 4 хувийг эзэшихээр болжээ.

Маккензи Безосын энэхүү хөрөнгийн үнэлгээ нь өчигдрийн байдлаар $35.6 тэрбум болж байна. Fortune сэтгүүлийн тооцоолсноор тэр энэ хөрөнгөөрөө дэлхийн дөрөв дэхь баян эмэгтэй болж байгаа ажээ.

Харин 55 настай Жэф Безосын хөрөнгө $108 тэрбум орчим болж буурсан ч дэлхийн тэргүүн баян хэвээр үлдэж байна. Түүний ард Билл Гэйтс, Уорен Бафет нар жагсаж байгаа.

Үүнээс гадна түүний The Washington Post сонин, Blue Origin компаниудын үнэлгээ нь нийлээд $4 тэрбум орчим болно.

Хосууд 1993 онд гэрлэж байжээ. Амазоныг байгуулах эхний үе шатанд Маккензи идэвхтэй оролцож байсан ч сүүлдээ уг бизнесээс холдсон юм.

Хэд хэдэн ном бичиж байсан зохиолч Маккензи өчигдөр твиттер хуудсандаа “Өнгөрсөндөө талархаж, ирээдүйгээ сэтгэл догдлон харж байна” гэж бичжээ.

Харин Жэф Безос салж байгаа эхнэрээ “Гайхамшигтай хамтрагч, түнш, эх хүн” гэж твиттер хуудсандаа тодорхойлон бичсэн байна.

Тэр бас цаашдаа сайн найзууд, сайн эцэг эх байхын ерөөлийг тавьжээ. Гэрээ ёсоор Жэф, Маккензи нар хүүхдүүдээ хамтран өсгөх үүрэг хүлээж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP