Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

НАМЗХ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улстөрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага нь тухайн намын шинэ үеийг төлөөлөх, залгамж чанарыг тодорхойлох чухал институт билээ. Монголын хувьд бусдаасаа хамгийн идэвхтэй нь МАН, АН-ын дэргэдэх залуучуудын байгууллага гэж хэлж болно.

Тэгвэл одоо эрх барьж буй намын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит Их хурал ирэх сард болохоор болжээ. Одоогоор хурал болох өдөр эцэслэгдээгүй ч энэ Их хурлаар тус байгууллага Ерөнхийлөгчөө сольж ирэх дөрвөн жилийн бодлого, зорилтоо тодорхойлохоор төлөвлөгджээ.

Одоо тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа. Түүнээс өмнө одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ нь гадаадад сургуульд суралцахтай холбоотойгоор түүний ажлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орлож байсан билээ.

Г.Тэмүүлэн нь 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь ийнхүү дуусч байгаа юм байна. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулаад байна. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошх тус намын гишүүн өрсөлдөх боломжтой аж.

Юуны түрүүнд энэ сонгуульд оролцох сонирхолтой байгаагаа Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг өөрийн олон нийтийн сүлжээ дэх албан ёсны хаягаараа мэдэгдээд байна. Тэрбээр "Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд олон ажил хийх боломж байна. Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд НАМЗХ холбоог идэвхжүүлэх ажилд оролцох нь хэрэгтэй гэж үзээд НАМЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдлээ" гэжээ.

Энэ талаар түүнтэй холбогдон тодруулахад "Ямар ч байсан НАМЗХ-ны ажлыг идэвхжүүлж нийгэмд, залууст хэрэгтэй олон ажлыг хийх боломжтой. Одоо миний ажиллаж буй Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Бадминтоны Холбооны ажлуудаас харж байхад залууст чиглэсэн олон сайн төсөл хэрэгжүүлж холбоог идэвхжүүлэх боломжтойг харж байна. Мөн залуусын боловсролыг дэмжих зорилготой "Монголд та хэрэгтэй" ТББ-аар дамжуулж жил бүр 30, нийт 90 залууд тэтгэлэг болон ажилд ороход нь тусалж, ментор хөтөлбөрт хамрагдуулсан байна. Өөрөөр хэлбэл, залуусын нийгэм, эдийн засаг, боловсрол, спортын ач холбогдолтой олон ажил хийх боломж байна. НАМЗХ-г идэвхжүүлэх шаардлага бол бий. Гэхдээ миний бодож байгаа зүйлийг хийх боломжтой өөр нэр дэвшигчид гарч ирвэл би заавал өрсөлдөнө гэхгүй" гэлээ. 

Б.Баттүшигээс гадна НАМЗХ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Учрал мөн өрсөлдөж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Б.Баттүшиг, Н.Учралын хувьд аль аль нь 35-аас доош байх насны хязгаарын шаардлагыг хангаж байгаа билээ.