Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Сентерра голд” компани 2018 онд Кумторын ордоос 16.6 тонн алт олборложээ

Г.Од
2019 оны 4 сарын 1
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Киргизийн алтны Кумторын төслийг хэрэгжүүлэгч Канадын “Сентерра голд” компани 2018 оны төслийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн онд нийт 16.6 тонн алт олборложээ. Жилийн борлуулалтын орлого 660.1 сая ам.доллар бөгөөд татвар болон бусад төлбөрийн 9.6 тэрбум сом буюу 137.1 сая ам.доллар Киргизийн төсөвт төвлөрүүлсэн аж.

“Сентерра голд” компани байгаль орчныг хамгаалах болоод хөрөнгө оруулалттай холбоотой хоёр гэрээг Киргизийн Засгийн газартай 2017 оны есдүгээр сард байгуулсан билээ.

Гэрээний дагуу Канадын компани жил бүр байгаль экологийн төлбөр 310 мянган ам.долларыг 3 сая ам.доллар болж нэмэгдүүлэхээс гадна тус улсын Байгаль хөгжлийн санд 50 сая ам.доллар, Хавдар судлалын албыг хөгжүүлэх санд 10 сая ам.доллар, “Кумтор” нөхөн сэргээлтийн санд 6 сая ам.доллар тус тус зарцуулах үүрэг хүлээж буй. Энэ дагуу Киргизийн Засгийн газартай хамтран ажиллаж байгаа тухай ““Сентерра голд” компанийн Ерөнхийлөгч Скотт Перри мэдэгджээ. 

Компани үүргээ биелүүлсэн тохиолдолд Киргизийн Засгийн газар шүүхийн бүх маргаанаас татгалзаж, 2009 оны хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх бөгөөд Кумторын орд газрын шинэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох юм. Дээрх хоёр гэрээний хугацааг талууд тохиролцсоны үндсэн дээр дахин сунгаснаар ирэх тавдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, энэ хугацааг хүртэл талууд Арбитрын шүүхийн маргаанаа түр “царцаагаад” байгаа гэсэн үг.

Зураг