Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд саран дээр дахиж буух хугацаагаа дөрвөн жилээр урагшлууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA саран дээр хүн буулгах хугацаагаа 2028 он гэж тогтоогоод байсан юм.

Аполло багийнхан 1972 онд дэлхийн дагуул дээр хамгийн сүүлд газардаж байв. Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр Алабамагийн Ханствил хотод үг хэлэхдээ 2028 он хэтэрхий хол хугацаа тул таван жилийн дотор буюу 2024 онд саран дээр хоёр дахь удаагаа буухыг NASA-д даалгажээ.

“Ойрын таван жилийн дотор Америкийн сансрын нисгэгчдийг саран дээр дахин буулгах нь манай засаг захиргааны хөдөлшгүй бодлого юм” гэж тэр хэлсэн байна.

Пэнс цааш нь тайлбарлахдаа “Дахин хэлэхэд саран дээр буух анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй хүн нь хоёул Америкийн сансрын нисгэгчид байх ёстой. Тэд Америкийн газар шороон дээрээс Америкийн пуужингаар хөөрөх ёстой” гэжээ.

Тэгвэл NASA-гийн захирал Жим Бриденстин твиттер хуудсандаа “Ерөнхийлөгч Трамп болон дэд ерөнхийлөгч Пэнс нар саран дээр 5 жилийн дотор дахин буух даалгавар өглөө. Даалгаврыг хүлээн авлаа. Одоо ажиллаж эхэлнэ” хэмээн бичсэн байна.

2017 онд Дональд Трамп хүн төрөлхтөн Ангараг гарагийг эзэмшихээс өмнө хийх эхний алхам бол саран дээр хүн дахин буух юм гэж хэлж байв. Үүний дараа NASA саранд зочлох хугацаагаа 2028 он гэж тогтоосон юм.

Тэгвэл Пэнс “Энэ бол хангалтгүй. Бид илүү ажиллаж чадна. 50 жилийн өмнө бид анх удаа саран дээр буухын тулд найман жил зарцуулсан. Харин хоёр дахь удаагаа буухад 11 жил зарцуулах ёсгүй” гэж хэлжээ.

Вашингтоны засаг захиргаа саранд хүрэх хугацаагаа ойртуулж шахах болсон нь сүүлийн жилүүдэд Хятад улс энэ чиглэлд эрчимтэй ажиллах болсонтой холбоотой бололтой.

1960-аад оны үед Зөвлөлт Холбоот Улстай өрсөлдөх үүднээс ерөнхийлөгч Жон Кеннеди саран дээр хүн буулгах төлөвлөгөөг баталж байжээ.

 

Эх сурвалж: AFP