Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Шойгу: Газар зүй бол түүх биш. Түүний талаар янз янзын үзэл бодол байж болохгүй! /II хэсэг/

Д.Энхээ, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлэл. Түрүүч нь

Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгу “Комсомольская правда”, “Российская газета”сонин болон ТАСС агентлагийн сэтгүүлчидтэй ярилцжээ.Владимир СУНГОРКИН, Евгений САЗОНОВ нарын бэлтгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Сергей Шойгуг бид гол төлөв хатуу ширүүн төрх байдлаар нь төсөөлөөд хэвшчихэж. Батлан хамгаалахын сайд, дэлхийн хамгийн хүчтэй армийн нэгнийх нь командлагчийн үүрэг хариуцлага хүлээдэг болохоор тэгж төсөөлөх нь ч аргагүй биз… Гэхдээ тэр хариуцаж гүйцэтгэдэг өөр нэгэн чиг үүргийнхээ талаар эргэцүүлж бодох үедээ нүд нь сэргэж царайд нь урамтай инээмсэглэл байнга тодрох ажээ. “Олон нийтийн өвөрмөц ачаа” цаг зав муутай Сергей Кужугетовичэд баяр баясгалан авчирдаг аж. 2010 оноос тэргүүлж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажил үйлсийн тухай энд өгүүлж байна. Чухам тэр цаг мөчөөс Оросын газар зүйн нийгэмлэгийн сэргэн мандалт (ренессанс) эхэлсэн.

ОЛИМПИАДААС Ч ИЛҮҮ
 

-Оросын газар зүйн нийгэмлэгээс гадна бусад улс орны газар зүйн нийгэмлэгүүд бас бий. Тэдэнтэй та бүхэн хэрхэн харилцаж, хамтарч ажилладаг вэ? Аль эсвэл хориг арга хэмжээ энд ч бас үйлчилсэн үү?

-Бурхны авралаар энд харин хориг байхгүй. Зөвлөлтийн үеэс тогтсон хувийн холбоо харилцаа бий. Гадаад улс орнуудад бид маш олон найз нөхөдтэй. Ийм нөхөрлөлийн нэг жишээ нь миний ярьж байсан өнөөх Тувад хийх археологийн хоёр дахь экспедиц. Энэ экспедицийг Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээн тэтгэх зөвлөлийн гишүүн ноён Фредерик Паулсен санаачилсан юм. Тэрбээр ОХУ-ын иргэн биш хэдий ч манай оронд маш их хайртай, түүний төлөө их зүйлийг хийдэг хүн. Намайг ингэж ярьсны дараа түүнд хориг тавихгүй байх гэж найдаж байна.

Өнөөдөр бид Франц, БНХАУ-тай маш сайн харилцаатай. “Газар зүйн зохион бичлэг” хэмээх арга хэмжээний хүрээнд 99 улс бидэнтэй хамтарч ажилласан. Ийм олон оролцогчоор хэр баргийн олимпиад бахархахгүй байх!

-Зохион бичлэгийн тухай товчхон танилцуулъя. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулна, ямар дүгнэлт хийж болох вэ?

-Гол дүгнэлт бол энэ чиглэлийг цааш нь хөгжүүлэх.Газар зүйн болон насны хүрээг тэлж өргөжүүлэх. Бас мэдээжийн хэрэг, танин мэдэхүйн хүрээг мөн адил. Гэр бүлээрээ ирж оролцож байгааг харах сайхан байдаг.

-Арми ч гэсэн идэвхтэй оролцож байгаа нь сайхан байдаг байх.

-Маш сайхан. Өнгөрсөн жил 100 мянга гаруй цэргийн албан хаагч зохион бичлэгт оролцохоо илэрхийлсэн. Анх удаа энэ арга хэмжээг Сирид зохион байгуулсан. Гадаадад байдаг манай цэргийн бусад баазууд ч мөн адил оролцсон. Бүр хөлөг онгоцон дээр хүртэл бичсэн. Хүмүүс зөвхөн газар зүй гэлтгүй ийм мэдлэгт тэмүүлж байна гэж бид ойлгосон. Тийм учраас анх удаа цэрэг-түүхийн сэдвээр зохион бичлэг явуулсан.

-Жилээс жил ирэх тусам мэдлэг сайжирч байгаа биз?

-Газар зүйн зохион бичлэгийн дундаж оноо ахиж дээшилж байна. Бүр муугаас л бид эхэлсэн дээ. Одоо бол алтан гурвын хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн жил бид гүйцэтгэх даалгаврыг хөнгөн, хүндэвтэр гэж хоёр ангилсан. Хөнгөн даалгаврын дундаж оноо 56, хүндэвтэр даалгаврынх 47 орчим байгаа. Гэхдээ амжилтаа ахиулах болно.

НУУЦЛАГ АРАЛ
 

-Одоо улс орон маань Арктикыг хөгжүүлэхэд маш идэвхтэй оролцож байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэмтэд хэр зэрэг тусалж байгаа вэ?

-Ихээхэн идэвхтэй оролцож байгаа. “НОВАТЭК”, “РОСНЕФТЬ” зэрэг манай олон компани Арктикт ажиллаж байна. Тэнгисийн зам, навигацийн үргэлжлэх хугацаа зэргийг судлахгүйгээр тэдгээрийн ажил бүтэхгүй. Тийм учраас бид эдгээр асуудлаар олон жил ажилласан Оросын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Николай Касимовын ерөнхий удирдлага дор хянан тохиолдуулсан Арктикын атласыг уржнан жил хэвлүүлж гаргасан.

Үүний зэрэгцээ манай экспедицүүд тийшээ явж байгаа. Эдгээр нь нэг талаас боловсролын, нөгөө талаас судалгаа шинжилгээний шинж чанартай. Гол төлөв манай Хойд мөсөн далайн флоттой хамтарч тэднийг явуулдаг. Сүүлийн жишээ гэвэл Шинэ газар арлын хамгийн зах руу экспедиц явсан. Тэнд бид техникийн туршилт хийж, экологийн нөхцөл байдал, Аугаа их Эх орны дайны түүхийг судалсан, яагаад гэвэл тэнд германы цэрэг байрлаж байсан газар, тэдний техникийн үлдэгдэл зэргийг олж илрүүлсэн.

Энэ онд бид Франц-Иосифын газар руу томоохон экспедиц явуулна. Тэнд бас германы цэргийн отряд байсан. Ямар зорилгоор тэднийг тэнд буулгасныг олж тогтооно. Новосибирскийн арлууд, Врангелийн арал, Шмидтийн хошуу, Дунд арал зэрэг дээрх ажил үргэлжилж байгаа.

-Матуа хэмээх хүрлийн арал руу явуулж байгаа хоёр томоохон экспедицийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй…

-Энэ бол миний очиж үзэхийг хүсэж мөрөөдөж байгаа газрын нэг. Аугаа их Эх орны дайны төгсгөлд тэнд японы цэргийн гарнизон байрлаж, нисэх онгоцны аэродром, томоохон бэхлэлт, газар доор бүхэл бүтэн хот байгуулсан. Ямар нэг шалтгаанаар өндөр хүчдэлийн чадал сайтай кабель утас татсан байсан. Тэр шугамаар чухам юуг тэжээж байсан юм бол? Ер нь эрчим хүчийг хаанаас авдаг байсан юм бол? Гэх мэтчилэн нууцлаг зүйл маш их, тэдгээрийн нууцыг тайлах хэрэгтэй.

-Хариултыг эрж олохын тулд юуны өмнө өөрөө энэ арлыг эхэлж судлахыг хүсэж байгаа байх даа?

-Харин та юу гэж бодож байна? Би Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн биш гэж үү?

ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ САЙХАН ОРОН

-Оросын газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулдаг “Хамгийн сайхан орон” гэрэл зургийн уралдаан богино хугацаанд дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг болсон! Олон арван мянган хүн оролцож байна. Гэхдээ бидний бодлоор энэ уралдаанд гэрэл зурагчин дангаараа зүгээр ч нэг оролцдоггүй юм шиг… Товчхондоо тэр уралдаанд таны гэрэл зургууд хэзээ оролцох вэ?

-Оролцохыг маш их хүсдэг. Гэхдээ дүрэмд заасан ёсоор болохгүй. Гэхдээ найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэй хамтарч өөрийнхөө гэрэл зургийн үзэсгэлэн гаргах талаар бодож хэрэгжүүлнэ. Мэргэжлийн гэрэл зурагчин биш ч гэсэн ямар нэг зүйл хийж чаддаг гэдгээ харуулна.

-Тэнд чинь мэргэжил гэхээсээ сэтгэл их чухал байх.

-Таны хэлсэн үнэн шүү. Сэтгэл үнэхээр их хөдөлгөсөн уралдаан. Хүний хөл хүрэхэд маш хэцүү газарт олон гэрэл зургийг авдаг болохоор илүү үнэ цэнтэй. Гэхдээ оролцогчдын ачаар бүх хүн тэдгээрийг үзэж харах боломжтой болдог! Гэрэл зургуудаас тусгайлан сонголт хийж гадаадад байгаа манай цэргийн бааз, хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц, цэргийн эмнэлгүүдэд хүргүүлдэг юм. Үүний төлөө би Оросын газар зүйн нийгэмлэгт үнэхээр талархаж байна.

Эх орон юунаас эхэлдэг вэ гэдэг асуултын хариу нь эдгээр гэрэл зураг байж болох юм. Эх орон маань ямар өргөн уудам, ямар үзэсгэлэнтэй сайхан, түүнээс илүү сайхан зүйл энэ дэлхийн хаана ч байхгүй гэдгийг энэ гэрэл зургууд ойлгуулж ухааруулж байна.

-Гэрэл зургаа явуулж амжих хугацаа байгаа байх аа?

-Тийм ээ, гуравдугаар сарын 31 хүртэл хугацаа байна. photo.rgo.ru сайт руу орвол бүх мэдээлэл байгаа. Энэ жил “Ухаалаг утсаар авсан гэрэл зураг” хэмээх шинэ номинаци бий болсон, мөн хүүхдэд зориулсан гэрэл зургийн уралдааныг тусад нь явуулж байгаа. Тийм болохоор “Хамгийн сайхан орон”-ы хамгийн сайхан гэрэл зургуудыг хүлээж байна.

ЛОНХТОЙ ЗАХИА

-Хэрвээ та эзгүй арал дээр үлджээ гэж төсөөлбөл хүн төрөлхтөнд хандаж ямар захиа лонхонд хийж илгээх вэ?

-Би ер нь ажлын шугамаар ийш тийшээ их нисдэг, дээрээс бүгдийг биш юм гэхэд олон зүйлийг харж явдаг, тийм болохоор нийт хүн төрөлхтөнд хандаж “Хог тарихаа больё, хүмүүс ээ!” гэж хэлэхийг хүсэж байна. Ялангуяа Арктикт! Оросын газар зүйн нийгэмлэг, Хойд мөсөн далайн флот байгаа нь сайн хэрэг, тэдгээрийн оролцоотойгоор тэнд маш том цэвэрлэгээ хийж байна. Манай цэргийн бааз байрлаж байгаа газар нутгаас энэ онд багтааж бүх хогийг зөөж гаргана. Энэ бол хэдэн мянган тонн металл, нисэх онгоц, газар усны явагчийн хаягдал сэг…

-Торхнууд бас байгаа байх?

-Энэ бол тусдаа ярих асуудал. Боломжийг ашиглаад би Хойд мөсөн далайн флотын усан цэрэг, арын алба, сайн дурынханд хандаж талархлын үг хэлмээр байна. Тэдний ач буянаар Арктик улам цэвэрхэн болж байгаа. Тэдгээр торхнуудыг шахдаг тусгай төхөөрөмж хийсэн. Тийшээ явахдаа ачаатай, буцахдаа тэндээс уул овоо шиг зэвэрсэн төмөр зөөж гаргаж байна. “Ийм байсан”, “Ийм болсон” хэмээх гэрэл зургийн бүхэл бүтэн цомгуудыг харахад үнэхээр сайхан…

Франц-Иосифын газар арал дээр биднийг хүрч очиход тоо томшгүй олон торхыг бид олж харсан. Чухам тэр үед л ОХУ-ын ерөнхийлөгч Арктикыг цэвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан юм. Сайн дурын олон хүн ажиллаж байгаад би баярладаг. Эдгээр хүмүүс бизнес хийгээгүй, харин гараг дэлхийгээ аварч байна.

-2019 он эхэлж байна, ямар экспедицэд оролцохоор та найдаж байна?

-Албаны шугамаар Новосибирскийн арлуудад очно. Путораны платод очихоор хоёр ч удаа зэхсэн. Хойд мөсөн далайн флот тэнд экспедиц ажиллуулж, толгойн отрядууд буулгасан байсан. Гэхдээ явж чадаагүй. Энэ жил яаж ч байсан заавал тийшээ явна. Матуа руу нисэхийг маш их хүсэж байна… Очихыг хүсэж байгаа өөр бас хоёр арал бий.

-Ямар?

-Хэлэхгүй ээ! Та нар надаас түрүүлж очоод дурсгалын самбар босгочихоод “Хүлээж байна” гэж хэлэхийг чинь би мэдэж байгаа болохоор.

-Гэхдээ дурсгалын самбарыг анх нээсэн хүмүүсийн нэрийг мөнхжүүлэх зорилгоор Оросын газар зүйн нийгэмлэгийн нэрийн өмнөөс л босгодог шүү дээ.

-Би эхэлж нисэж очоод хайгуул хийчихээд самбар босгох газрыг сонгоё.

Зураг