Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжаргал: Бид Арбитрын шүүхийн шийдвэрээс татгалзах боломжтой

Б.Намуунтамир, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэт ” үйлдвэрийн 51 хувийг “Жаст ” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү барьцаанд тавьж, 160 сая ам.долларын зээл авсан асуудал олны анхаарлын төвд байна. Энэ тухай “Эрдэнэт”үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж буй тал холбогдох бичиг баримтууд шүүхэд гаргаж өгөөгүйгээс болж Арбитрт ялагдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Стандарт” банк хуулийнхаа дагуу явсан бол Монголын шүүх дээр ирээд Шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэх байсан. Яагаад ингээгүй вэ гэхээр 21 гэрээ хийж байж, Стандарт банкнаас зээл авсан байдаг. Энэ 21 гэрээний нэг нь ч Монгол Улсад эх хувиараа ирээгүй. Бүгд хуурамч учраас гаргаж ирэхгүй байгаа юм . Тиймээс Монгол улс Арбитрын шүүхийн шийдвэрээс татгалзах боломжтой.

-Хөөн хэлэлцэх хугацаа гэж энэ хэрэгт бий юү. Хэдий хэр хугацаа үлдсэн бэ?

-Шийдвэр гарснаас хойш одоогоор гурван жил өнгөрөөд байна. Бидэнд хугацаа маш бага үлдсэн. “Стандарт” банкныханд хэлэхэд, та нар аль ч үгүй хоцров. Тэр гэрээнд зурсан гарын үсэг үнэхээр үнэн байвал манайхаар төлүүлээрэй. Танайд “Эрдэнэт” үйлдвэр нэг ч төгрөг төлөх ёсгүй, бидэнд хууль нь байна, гарц нь байгаа гэдгийг хэлмээр байна.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү өөрөө хохирлоо барагдуулах боломжтой юу?

-Өөр хэн ч биш Ш.Батхүү л барагдуулах ёстой.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж байх үед та өөрөө Хуулийн хэлтсийн дарга байсан. Энэ асуудалд хяналт тавих боломж байгаагүй юм уу?

-Тэр үед биднийг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Хэчнээн зуун сая ам.долларын асуудал яригдаад байхад шүү дээ. Хааяа утсаар ганц нэг юм лавладаг байсан. Энэ хэргийн талаар надад танилцуулсан бол ямар ч асуудалгүй Арбитрт бид ялах байсан.

-“Стандарт” банкны гар хөл болсон хүмүүс үүнийг төлүүлье гэж яваад байна уу. Та юу гэж бодож байна?

-Миний бодол шүү. Ш.Батхүү гэдэг хүн энийг зохион байгуулж чадахгүй. Түүнд мөнгө, эрх мэдэл юу ч алга. Үүнийг мөнгөтэй, улс төрд, тэр тусмаа “Эрдэнэт” үйлдвэрт шийдвэр гаргах хэмжээний албан тушаалтан, эрх мэдэлтэн л хийж байна гэж хардаж байна.

Зураг