Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Каражичийн геноцидын ялыг бүх насаар хорих ял болгон нэмэгдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Боснийн Сербийн удирдагч асан Радован Каражичийн геноцидын хэрэгт нь оноогоод байсан 40 жил хорих ялыг НҮБ-ын Гааг дахь шүүх өчигдөр давж заалдаад бүх насаар хорих ял болгон өөрчиллөө.

1995 онд Сребреницад 7,000 гаруй Боснийн муслим эрчүүд, хөвгүүдийг хядсан хэрэгт нь хуучин Югославын дайны хэргийг хариуцсан Олон Улсын Эрүүгийн шүүх 2016 онд түүнд 40 жил хорих ял оноогоод байсан юм.

Харин Гаагийн шүүх түүний ялыг хөнгөдсөн гэж үзээд ийм шийдвэр гаргасан байна.

Одоо 73 настай Каражич 1990-ээд онд Югославын задралын дараа дэгдсэн иргэний дайны үеэр Босни дахь Серби үндэстнүүдийг удирдаж, нутгийн муслим хүн амын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байсан юм.

Тэрээр 1996 оноос эхлэн зүсээ хувилган нуугдаж байгаад 2008 онд Сербийн нийслэл Белградад баривчлагдсан байна. Баригдах үедээ Каражич битүү сахал тавьж, үсээ урт ургуулаад “шашны санваартан” нэрийн дор амьдарч байжээ.

Каражич бол 1990-ээд онд Балканы хойгт дэгдсэн үндэстэн хоорондын дайны хэргээр шийтгэгдсэн хамгийн өндөр албан тушаалтан юм.

2017 оны арваннэгдүгээр сард мөн Боснийн Сербийн армийн командлагч Ратко Младичид олон улсын шүүхээс бүх насаар хорих ял оноож байжээ.

Түүнийг 1992-1995 оны хооронд үйлдсэн хоёр удаагийн геноцид, есөн удаагийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэгт нь яллаж байв.

Югославын задралын дараа Балканы хойгт дэгдсэн дайнд 100,000 орчим хүн амиа алдаж, 2.2 сая хүн төрсөн газраасаа дүрвэж байжээ.

 

Эх сурвалж: CNN