Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны оюутан Исламын номлолыг зөрчсөн гэж үзээд профессор багшийнхаа амийг бүрэлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг хамтад нь оролцуулсан төгсөлтийн үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөж байсан профессор багшийнхаа амийг оюутан нь хөнөөсөн хэрэг өчигдөр Пакистанд гарчээ.

Аллагыг үйлдсэн оюутан Хатиб Хуссайныг хэргийн газраас баривчилсан байна. Пакистаны зүүн бүсийн Бахавалпур хотын Садик Эгертон Коллежийн англи хэлний профессор Халид Хамид сургуулиа төгсөж байгаа оюутнууддаа зориулсан арга хэмжээнд бэлдэж байх үед түүний оюутнуудын нэг Хуссайн хутгаар зэвсэглэн довтолж, амийг нь хөнөөжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг дор цуглуулахаар төлөвлөж байсныг нь Исламын шашны номлолыг зөрчиж байна гэж үзсэн оюутан ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Одоогоор Хуссайныг ямар нэг шашны экстремист бүлэгтэй холбоотой гэх мэдээлэл олдоогүй байгаа ч яг ямар шалтгаанаар профессорын амийг хөнөөснийг нь нягтлан шалгаж байгаагаа орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Коллежийн захирал Вали Мухаммад тус сургуульд 4,000 эмэгтэй, 2,000 эрэгтэй оюутан суралцдагийг мэдээлсэн байна. Амиа алдсан профессор дөрвөн сарын дараа тэтгэвэртээ гарах гэж байжээ.

Исламын шашны хэт үзэл хүчтэй нөлөөтэй байдаг Пакистанд хүйс хоорондын харилцааны асуудал эмзэг сэдэв болдог. 2018 онд Thomson Reuters Foundation байгууллагын хийсэн судалгаагаар Пакистан нь эмэгтэйчүүдэд халтай байдлаараа дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгджээ.

 

Эх сурвалж: Reuters