Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гангабаатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрсдэл бүрийг урьдчилан харах ёстой

Б.Номин, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор, Д.Гангабаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Зөвлөл-дөх санал асуулгын хүрээнд, эрдэмтэн судлаачид болон улс төрийн намуудын саналыг үндэслэн боловсруулсан. Ерөнхийдөө зөвшилцлийн төсөл болсон гэж төсөл санаачлагчид хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдийн оролцоог хангаагүй гэж шүүмжилдэг. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн процессыг ажиглахад тэр алдааг давтахгүй байхыг хичээж байх шиг байна. Үндсэн хууль ард түмний үнэт зүйлсийг хамгаалах учиртай. Эдгээр үнэт зүйлсийг илүү тодорхой болгох, илүү сайжруулах зорилгоор өөрчлөлт оруулахдаа иргэд, эрдэмтэд, иргэний нийгмийн оролцоог зайлшгүй хангах ёстой. Энэ үүднээс өнгөрсөн жилүүдэд Зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлэг, иргэд, аж ахуйн нэгжийн саналыг авах, тусгах ажил хийгдэж байх шиг байна.

Судлаачдын хамгийн ихээр шүүмжилсэн эрх мэдлийн таван салаатай болох тухай зохицуулалтыг төслөөс хассан байсан. Эндээс үзвэл Үндсэн хуулийн эрх зүй судлаачдын саналыг тодорхой хэмжээнд харгалзан үзэж байна гэж харагдаж байгаа. Ерөнхийдөө судлаачийн хувьд хэлэхэд Үндсэн хуульд аль болох цөөн нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Олон зүйл заалтад өөрчлөлт оруулах тусам алдаа гаргах эрсдэл өндөр болно.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад эрсдэл бүрийг урьдчилан харах ёстой. Тийм ч учраас шаардлагатай гэж үзсэн нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, шаардлагагүйг нь хасаж, органик хуулиар зохицуулж болох талаар саналаа хүргүүлсэн. Харин бидний хүргүүлсэн санал дундаас тухайлан Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох талаарх эрдэмтдийн саналыг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа.

-Төрийн албан хаагчдыг суулгаж байгаад хэлэлцүүлэг зохион байгуулсан боллоо гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Тиймээс сайн төсөл болсон эсэхэд эргэлзэж байгаагаа ялангуяа, сөрөг хүчнээс илэрхийлж байсан. Энэ тухайд?

-Үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, хардах эрхээ эдэлж байгаа нь сайн хэрэг. Хэлэлцүүлгийг үр дүнтэй болгох, сайжруулах санал байгаа бол зохион байгуулж буй хүмүүст нь хүргэх хэрэгтэй. Сайн төсөл болсон эсэхийг төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн задлан дүгнэж, сайн, муу болсон гэж хэлэх хэрэгтэй байх. Түүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно, болохгүй, сайн төсөл болсон болоогүй гэж яривал өрөөсгөл дүгнэлт болно.

Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулж болохоор Үндсэн хуулийн бичвэрт заасан байгаа. Энэ төсөлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн олон санал тусгагдсан. Сайн, саар гэж бүхэлд нь дүгнэхийн оронд “Ямар зүйл заалтад өөрчлөлт оруулж болох, болохгүй. Үүний цаад шалтгаан нь энэ. Энэ зохицуулалтыг ингэж өөрчилж болно, болохгүй. Үндэслэл нь энэ” гэж учир шалтгаантай нь ярих нь үр дүнтэй.

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, чиглэлээр нэлээд заалт оруулсан гэж байгаа. Тухайлбал, олны шүүмжлэл дагуул-даг “давхар дээл”-ийг хязгаарлаж, Засгийн газрын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байхаар тусгасан байсан. Засгийн газартай холбоотой заалтууд дээр та ямар саналтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших асуудал 2000 оны нэмэлт, өөрчлөлт орсон цагаас шүүмжлэл их дагуулсан. Энэ талаар байр сууриа илэрхийлсэн манай улсын Үндсэн хуулийн эрх зүй судлаач, эрдэмтэд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихын эсрэг санал дээр нэгдэж харагддаг. Ер нь Засгийн газар тогтворгүй байгаа нь “давхар дээл”-тэй ч бас холбоотой. Хууль тогтоогч болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, тэнцвэртэй байдал сул байгаа нь мөн л “давхар дээл’’-тэй холбоотой.

Өнгөрсөн жилүүдээс харахад манай улсын хөрсөнд “давхар дээл” зохихгүй гэдэг нь тодорхой харагдлаа. Судлаачийн хувьд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж үздэг. Ингэж байж мэргэшсэн Засгийн газар байгуулагдах урьдач нөхцөл бүрдэнэ. Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Алдаа дутагдал гаргасан Засгийн газартайгаа УИХ хариуцлага тооцох механизм зөв ажиллаж эхэлнэ.

-УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр ажиллахыг бүр хязгаарлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Ерөнхий сайд нь салбарынхаа мэргэшсэн хүмүүсээр танхимаа бүрдүүлж, УИХ нь Засгийн газартаа зохистой хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Ер нь ямар ч асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн суурь бүтцэд халдалгүй, парламентын засаглал, үндсэн хуульт ёс, ардчиллын ололтоосоо ухрахгүй байх зарчим баримтлах ёстой гэж үздэг.

-“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засах ёстой талаар хуульчид хэлдэг. Хуулийн төсөлд УИХ-ын чанар, хариуцлагатай холбоотой заалтыг сэргээсэн байсан. Эдгээр заалтыг сэргээснээр УИХ-ын чанар, хариуцлагыг дээшлүүлж чадах болов уу?

-Төслийн хариуцлагатай холбоотой зарим заалтыг дэмжиж, заримыг нь эсэргүүцсэн саналтай байгаа. 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн олонх нь дордуулсан нэмэлт, өөрчлөлт байсан нь үнэн. Гэхдээ дотор нь бас парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд шаардлагатай ганц нэг зохицуулалт байгааг эрдэмтэд хэлдэг. УИХ-ын гишүүний ирц, бусдын өмнөөс санал өгдөг байдлыг зогсоох, хариуцлагыг сайжруулах, эгүүлэн татах тухай заалтууд төсөлд байна билээ.

Ирцийн хувьд гарын хурууны хээгээр идэвхэждэг цахим тоолуурын системээр шийдвэрлэх зохицуулалт органик хуульд байсаар атал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болгож оруулах шаардлагагүй. Харин гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт байж болно. УИХ-ын гишүүн халдашгүй, дархан эрх эдэлдэг хэр нь хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Бусад гишүүдийн өмнөөс санал өгч, Үндсэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусдын адил хариуцлага хүлээдэг байх нь Үндсэн хуульт ёсны суурь зарчимд нийцнэ.

-“Дордуулсан долоон өөрчлөлт”-өд ардчиллыг төлөвшүүлэх хэд хэдэн заалт бий гэлээ. Тухайл-бал?

-2000 оны долоон өөрчлөлтөөс хамгийн түрүүнд буцааж сэргээх заалт бол УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт. Парламент, Засгийн газар хоорондын харилцааны хяналт, тэнцвэрийн доголдол эндээс угшилтай. Ерөнхий сайдын томилгоотой холбоотой заалтаас бусдыг нь сэргээхэд гэмгүй. Учир нь Ерөнхий сайд танхимаа өөрөө байгуулж, сайд нараа томилж, огцруулах, эргээд хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй.

-УИХ өөрөө тарах бүрэн эрхээсээ татгалзаж, Ерөнхийлөгчид шилжүүлэхээр байсан. Ингэвэл УИХ-ын тогтворгүй байдал бий болох уу?

-Одоогийн Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл өөрөө тарах шийдвэр гаргахаар заасан. Энэ нь бодит байдал дээр бараг хэрэгжихээргүй заалт юм. УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх тухай ярьж байгаа бол тодорхой тохиолдолд УИХ тарах тухай зохицуулалтыг илүү хэрэгжих боломжтой байдлаар томьёолох нь зүйтэй. Зөвхөн Ерөнхий сайдыг томилж чадахгүй байгаа УИХ-ыг тараах асуудал төсөлд тусгагдсан байсан нь УИХ тогтворгүй болох асуудал байхгүй.

-Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх тэр дундаа, Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалз-сан үндэслэлээ олон ний-тэд зарлахаар тусгасан. Үүнд ямар саналтай байгаа вэ?

-Шүүхийн бие даасан байдлыг хангая гэвэл шүүгчийг шилж олох, санал болгох эрх мэдэл болон шүүгчийг томилох эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёсгүй. Гэтэл манайд энэ хоёр эрх мэдэл Ерөнхийлөгч дээр төвлөрчихөөд байна. Урьд нь санал болгосон нэр дэвшигчийг томилохоос Ерөнхийлөгч татгалзахдаа үндэслэлээ тайлбарлаагүй тохиолдол хэд хэд гарч байсан.

Тавьсан бүх шалгуур, шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгоход томилохоос татгалзаж байгаа бол энэ үндэслэлээ Ерөнхийлөгч олон нийтэд мэдээлдэг болох нь шүүгчийн томилгоо шударга явагдах, иргэд шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж харж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой байгууллага.

Энэ байгууллагын гишүүдийн тоог өөрчлөх, өөрийн хүмүүсийг томилох замаар шүүгчийн томилгоонд улс төрийн нөлөө орох аюултай. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус байдлын хууль зүйн баталгааг хангая гэвэл гишүүдийн тоо хэт цөөн байгааг нэмэгдүүлэх, томилгоог нь зөвхөн нэг этгээдээс хамааралтай байсныг өөрчлөх шаардлага зайлшгүй байгаа.

-Орон нутгийг намчирхлаас салгах нь мэдээж сайн зүйл. Гэхдээ Үндсэн хуулийн төслөөс харахад намчирхал далд хэлбэрт орох вий гэсэн болгоомжлол байна?

-Орон нутагт улстөржилт их байгаа. Нам болж талцан хуваагддаг, төрийн албыг намын харьяаллаар зоргоор өөрчилдөг, халж, сольдог зэрэг байдал нь тухайн орон нутгийн хөгжилд их сөрөг нөлөөтэй. Иргэд ч, улстөрчид ч энэ талаар их ярьдаг. Орон нутгийн сонгуульд улс төрийн намын оролцоог хориглох замаар шийднэ гэж үзэж байх шиг байна. Улс төрийн нам оролцохгүй, иргэн өөрийн нэрийг дэвшүүлэн оролцсон тохиолдолд улс төрийн намын орон зайг ямар субъект нөхөх вэ гэдэг асуудал ургана.

Намууд бүлэглэл хэлбэрт шилжих, нутаг нуга, төрөл садан, бизнес, компанийн ашиг сонирхлын бүлгүүд хоосон орон зайг нь нөхөн гарч ирэх вий гэсэн зүй ёсны болгоомжлол байгаа. Харин улс төрийн намын санхүүжилт, дотоод ардчилал, хариуцлагын асуудал даруй шийдвэрлэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн.

-Ер нь нэг нам олонх байгаа үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зохистой юм бол?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад маш хатуу шалгуур тавьдаг эрх зүйн тогтолцоотой улс орон бий. Цаад санаа нь оролцоог хангалгүй дур зоргоороо өөрчилж, Үндсэн хуулийн үнэт зүйлсэд халдахаас сэргийлэх явдал юм. Мөн хэд хэдэн нам хоорондоо зөвшилцөөд 2000 онд шаардлагагүй олон нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага манай улсад бий. Асуудлын гол нь нэг нам олонх байна уу, олон нам зөвшилцөнө үү гэдэгт биш л дээ.

Иргэд, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн байгууллагуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар мэдээлэл түгээх, хэлэлцүүлэх, саналыг нь авах, оролцоог нь хангах ажлыг хийсэн эсэх нь гол юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэмж асуухад, таны дасгалжуулсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэж дуулсан. Танд баяр хүргэе. Оролцсон тэмцээн, гаргасан амжилтынхаа талаар хуваалцаач?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг олон улсын цөөнгүй тэмцээнд сүүлийн жилүүдэд амжилттай оролцож байгаа. Өнгөрсөн жил Япон Улсад болсон арбитр, хэлэлцээрийн тэмцээнд амжилттай оролцсон. Энэ жил Хонг Конгод 20 улсын 24 шилдэг их сургуулийн багууд оролцсон олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Токиогийн их сургууль болон Сөүлийн үндэсний их сургуулийн багийг ялж финалд шалгарч чадлаа.

Дотооддоо 50 их сургуулийн багийн өрсөлдөөнөөс ялж гарч ирсэн Энэтхэгийн баг, Шинэ Зеландын баг гээд олон их сургуулийн баг финалд үлдэж чадаагүй. Магадгүй эрх зүйн дээд боловсролыг дэлхийн жишигт хүргэхээр хичээж буй сургуулийн бодлогын үр дүнд оюутнуудын маань ур чадвар нэмэгдэж, сургалтын чанарт дэвшил гарч буйн илрэл юм болов уу гэж бодож байна.

Зураг